Mandal Risk school

Apr 28, 20213 min

Зам тээврийн ослоор бяцхан үрсээ алдсаар байх уу?

Updated: Oct 27, 2021

Монгол улс 3 сая гаруй иргэнтэй. Тэдний тэн хагас болох 1’324’000 нь улсын бүртгэлтэй жолооч нар. Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ч мөн адил 1 сая хол даваад удаж байгаа ба үүнийг дагаад зам тээврийн хөдөлгөөнтэй холбоотой эрсдэл нэмэгдэж буй.

Тоон мэдээллээс харахад нийт зам тээврийн зөрчил болон ослын тохиолдлын тоо 2019 онтой харьцуулахад цөөн хувиар буурсан ч хүүхэд өртсөн зам тээврийн осол сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги стандартын дагуу 32 хүүхэдтэй байдаг, тэгэхээр бүтэн 2 ангийн сурагчийн амь нас хохирсон гэсэн үг юм. Харин 2021 оны эхний гурван сарын хугацаанд л гэхэд 5 бяцхан зүрх мөн адил уг шалтгааны улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ.

Амь насаа алдсан тохиолдлуудын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг задалж харвал 30 хүүхэд явган зорчигч хэлбэрээр оролцсон байна. Гэвч эдгээр 30 тохиолдлын 23 нь төв магистраль зам бус өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөнд оролцохын өмнө орчноо шалгаагүйн улмаас дайрч амь насыг нь хохироосон байна. Энэ нь шууд насанд хүрэгчдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэмт хэрэг. Тээврийн цагдаагийн албаны зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтай анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэдэг атал ийм осол давтагдсаар байгаа нь тун харамсалтай.

Харин үлдсэн 7 тохиолдлын хувьд замын хөдөлгөөнд ганцаараа оролцон гарц гармаар гарч байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д зааснаар: “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй авч явна” гэсэн байдаг. Угтаа бол хүүхэд харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарах, явганаар хөдөлгөөнд оролцох ёсгүй гэсэн үг. Гэтэл хүүхдүүд улаан гэрэлтэй уралдаж, гарц гарамгүй газраар зам гарч буй тохиолдлууд цөөнгүй ажиглагдаг. Аз нь таарвал эсэн мэнд явган хүний замд хүрдэг, эз нь таарвал эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Эцэг эх, асран хамгаалагч нар азанд найдаж хайнга зан гаргахаа хэзээ болих вэ? Жолооч ч мөн адил хөдөлгөөнд оролцож байх явцад орчноо сайтар анхаарч, хурдаа тааруулж, сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Амь насаа алдсан бусад 30 тохиолдлын хувьд тээврийн хэрэгслийн зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Жолооч хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хүүхэд зорчих аюулгүй орчнийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүүхэд өөрөө энэ бүхнийг хийж чадахгүй тул тайлбарлаж, зааж, хэвшүүлэх нь чухал. Үлдсэн 4 тохиолдлын хувьд мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан байна. Ихэвчлэн орон нутагт ахуйн хэрэгцээндээ мотоцикл их хэрэглэдэг. Гэтэл хүүхэд хөдөлгөөнд оролцох дүрэм, аюулгүй байдлаа хангах мэдлэг байхгүй тул мотоцикл жолоодож байхдаа онхолдож амь насаа алдах тохиолдол удаа дараа давтагдсаар байна.

Одоо дулаарч байгаатай холбоотой хүүхэд багачууд маань унадаг дугуй, ролик, скүүтэр хэрэглэх нь ихэсдэг. Үүнийг дагаад осол, гэмтэл ч цөөнгүй гардаг байна. Замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т: “10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно.” гэж заасан байдаг. Иймд, эцэг эх, асран хамгаалагч нар маань хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтаа сулруулахгүй байх шаардлагатай.

Одоо цагт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, өдрийн цагаар ч согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх зүйлс хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, дүрэм зөрчсөн гэх зөрчилтэй жолооч нар асар их байх болсон. Хэдий тээврийн цагдаа, хууль хяналтын байгууллагууд шалгалт хийж таслан зогсоож байгаа ч хүн хүрэлцээ муу учир хороолол, гудам зэрэгт хяналт тавих нь ховор. Ийм их эрсдэл дунд амьдарч байгаагаа ойлгож хэвшүүлэх шаардлагатай хэд хэдэн зүйлс бий.

  • Хүүхдийг ганцааранг нь гарц, гармаар гаргахгүй байх

  • Унадаг дугуй, рольк зэргийг аюулгүй орчин хангагдсан газар хараа хяналттайгаар хэрэглүүлэх

  • Машинд зорчиж байх үед суудлын бүс, хүүхдийн суудал зэргийг хэрэглэж хэвших, яагаад хэрэглэх шаардлагатай талаар учир шалтгааныг тайлбарлаж өгөх

  • Тээврийн хэрэгслээс буухдаа орчний аюулгүй байдлыг шалгаж өөрөө эхэлж бууж дараа нь хүүхдийг буулгаж хэвшүүлэх

  • Хүүхдийн Эрсдэлийн Сургуулийн үнэ төлбөргүй онлайн хичээлүүдэд хүүхдүүдээ хамруулж, зам тээврийн эрсдэлийн талаар мэдлэгтэй болгож, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлэх

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд эцэг эхийн хариуцлага, жолооч нарын ухамсар, цагдаагийн байгууллагын хяналт зайлшгүй шаардлагатай. Энэ гурван талын аль нэг нь алдагдвал хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл гарцаагүй болно гэсэн үг юм. Хүүхэд өөрийгөө төлөөлөн шийдвэр гаргах мэдлэг дутмаг, ялангуяа замын хөдөлгөөний хамгийн эмзэг оролцогч тул насанд хүрэгчид бид энэ асуудалд илүү ухаалгаар хандах хэрэгтэй байна.

11860
10