top of page

Хүүхдээ эрсдэлээс хамгаалах хамгийн шилдэг арга нь эрсдэлийн боловсрол олгох

Updated: Oct 27, 2021

Хүн боловсролоор тэжээгддэг, түүний тусламжтайгаар өсөн дэвждэг. Боловсрол нь дан ганц онолын мэдлэгээр хязгаарлагдах зүйл биш. Суурь хүмүүжил, хувийн ухамсар, туршлага зэрэг олон хүчин зүйлүүдийн нэгдэл гэж ойлгож болох. Аливаа зүйлсийг таньж мэдэх, зөв бурууг дэнслэхэд, товчхондоо бол хүнийг амьдралд тэнцвэртэй болгох хамгийн чухал хэрэгсэл гэж хэлж болно.

Өнөө цагт хүүхдийг дан ганц суурь мэдлэг болон мэргэжил эзэмших тал дээр түлхүү анхаардаг болсон ажиглагддаг. Тоотой хэдхэн хүн л тэдний эрүүл аюулгүй орчинд өсөж торних асуудлыг хөнддөг гэхэд буруудахгүй. Үнэндээ бид “аз жаргалтай хотын” амьдралын баталгаагүй иргэд.


Хүүхдийг суурь хэрэгцээгээр хангах шаардлага доор эцэг эхчүүдэд ажиллах, хүүхдийг асран хамгаалагчтай үлдээх нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл хоногийн 24 цагт тэдний аюулгүй байдалд нүд салгалгүй анхаарах боломжгүй гэсэн үг. Гэвч эрсдэл үүнийг хүлээж суудаггүй жамтай. Бидний сүүдэр мэт байнга оршиж л байдаг.


Харин хүүхэд үүнийг таньж мэдэх, өөрийгөө аюулгүй байлгахын тулд гардан шийдвэр гаргахад хангалттай хэмжээний мэдлэг дутмаг байдаг. Ямарваа нэгэн эрсдэл тулгарахад “хэвийн үзэгдэл” мэт хохиролтойгоо нүүр тулаад хэвшчихсэн. Энэ хандлага эцэг эхүүдэд ч нэлээд ажиглагддаг. Амь бөхтэй гэмээр энэ хандлагыг бид хэрхэн эвдэх вэ?

Нэгэнтээ л байнга хажууд нь байж чадахгүй, хүссэнээрээ “хорьж” чадахгүйгээс хойш өөрийгөө хамгаалах боломжийг хүүхдэд олгох нь зүйтэй. Хамгаалах боломж нь эрсдэлийн талаарх боловсрол дээр суурилах учиртай байдаг. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдэдээ ул суурьтай мэдлэгийг олгох шаардлага бий болж байна.


Хүүхдэд нэг хэлээд ойлгохгүй, хоёр хэлж, гурав үзүүлж, дөрөв тайлбарлаж, тав асууж байж энэ нь хүүхдэд үлдэнэ. Яагаад түлэгддэг, түлэгдэн гэж ямар байдлыг хэлээд байгаа, юунд түлэгдэх эрсдэл байгаад байна, түлэгдэхгүй байхын тулд хүүхэд ямар үйлдэл хийх шаардлагатай зэрэг эмх замбараатай мэдлэгийг олгох нь чухал. Зүгээр нэг түлэгдээд “ёо ёо” болно гээд өнгөрөх нь урьдчилан сэргийлэлт огтоосоо биш юм.


Хүн болох наад захын суурь тавигдаж эхэлмэгцээ л та хүүхэдтэйгээ үйлдэл бүр ямарваа нэгэн үр дагавартай байдаг гэдгийг ярилцах хэрэгтэй. Тэр нь сайн байх аль эсвэл муу байхыг сонгож болох талаар ч мөн адил. Хүүхдийн тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эсүүд байдаг. Тэгэхээр хүүхэд таны хэлж, ярьж, үзүүлж байгааг нэгийг ч дутаалгүй хүлээн авах чадвартай, “нэг чихээр нь ороод нөгөөгөөр нь гардаггүй” гэсэн үг л дээ.


Харин хэрхэн тэдний насны онцлогт тохируулж шаардлагатай мэдлэгийг өгөх нь эцэг эх бидний ур чадвар, ухаанаас шалтгаалах асуудал болж байна. Хүүхдээ хайрладаггүй хүн гэж байдаггүй, мэдээж тэднийг эрүүл саруул, аюулгүй өсөж торнихыг л хүсдэг. Тиймээс хүүхдийг хамгаалж “бараан” дурсамжгүй гэрэлт ирээдүйг бэлэглэхийн тулд эцэг эхчүүд бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд тустай зүйл бол эрсдэлийн боловсролыг олгох асуудал билээ.


Иймд та бүхэн бидний сэтгэлээ шингээж бэлтгэсэн хүүхэд багачуудад эрсдэлийн боловсрол олгоход чиглэсэн “Гүүмби Жүүмбигийн эрсдэлтэй танилцсан түүх” контентыг цаг гарган үр хүүхэдтэйгээ хамтдаа тухлан сонирхоорой. Тэдэнтэй ярилцаж, тайлбарлаж, санаа бодлыг нь сонсож, хамтдаа даалгавруудыг хийж цагийг үр бүтээлтэй өнгрөөх бас нэгэн боломж юм шүү.


Өнгөрсөн зүйлийг өөрчлөх боломж бидэнд байхгүй ч одоог өөрчлөх сонголт үргэлж бидэнд байдаг.

3,197 views

1 Comment


Г.Анужин
Feb 15, 2021

Баярллаа маш их хэрэгтэй сайхан ажил эхлүүлсэнд

Like
bottom of page