top of page
Mandal Risk school

Хөхний сүү шүд хорхойтуулдаг уу?

Энэ удаад хүүхдийн амны хөндийн арчилгааны талаарх энгийн зөвлөмжүүдийг болон сонирхолтой мэдээллүүдийн хамтаар хүргэхээр бэлтгэлээ.


Хүн 20 сүүн шүд, байнгын 32 шүдтэй байна. Хүүхдийн хувьд 4-14 сартайд анхны сүүн шүд гардаг бөгөөд гурван нас хүрэхэд 20 сүүн шүд ургаж дууссан байдаг ба ойролцоогоор таван нас хагастай үеэс байнгын шүдээр солигдож эхэлдэг.


Амны хөндийн эхний хагас жилийн арчилгаа

Анхны сүүн шүд гарахаас өмнө ч гэсэн амны хөндийн арчилгаа чухал байна. Эхний хагас жилийн хугацаанд шаардлагатай амны хөндийн арчилгааг хийснээр бактерийн халдвараас сэргийлж, амны хөндий дархлаажиж, хазалт зэрэгт эерэгээр нөлөөлнө. Энэ үеийн арчилгаанд доорх гурван зүйлсийг анхаарвал зохистой:

  • Соосог (хөхөвчийг) зөв сонгох. Гажиг заслын шинжтэй соосгийг эмч мэргэжилтэнтэй зөвлөлдөж сонгох хэрэгтэй. Бага насанд хүүхдийн шүд, хазалт зэргийн буруу хөгжлөөс урьдчилан сэргийлэх болно. 8-9 сартайд хүүхдийн соосгоны хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг. Энэ үед хүүхэд бор хоолонд орж залгих бус зажлах рефлекс хөгжихөд илүү тустай байна.

  • Ксилитолтой салфетка хэрэглэх. Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхлээгүй үед амны хөндийн ксилитол агуулдаг салфеткаар цэвэрлэхийг зөвлөдөг. Энэ нь амны хөндийн pH түвшнийг тэнцвэржүүлж, амны хүчлийг бууруулахад тустай. Амны хөндийн хүчил их байх нь зарим төрлийн бактери үржих таатай нөхцөл болдог ба энэ нь шүдний хорхой үүсгэх болоод цаашлаад бусад өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Хүүхдийн амны хөндийн дархлаа хангалттай хэмжээнд хөгжөөгүй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

  • Шүд цухуйх үед хэрэглэх түрхлэг. Анхны сүүн шүд гарч эхлэхэд хүүхэд халуурах, тогтмол шүлс ялгарсны улмаас ханиалгах, буйл улайж, хавдах, хооллож чадахгүй болсноос үүдэж ходоод хямрах зэрэг зовуурууд илэрдэг. Шүд гарч ирэх эдгээр зовууруудыг багасгахын тулд хүүхдэд тухайн хэсэгт зориулалтын зөөлөн силикон хуруувчаар иллэг хийж өгөх, тоглоом өгч болох юм. Ингэснээр загатнааг багасгаж хүүхдэд илрэх зовуурууд тодорхой хэмжээгээр хөнгөвчилнө. Түүнчлэн эмчийн заавраар тухайлсан үйлчилгээтэй түрхлэгийг хэрэглэх болох юм. Эдгээр түрхлэгийн найрлагад ургамлын гаралтай орц агуулагддаг тул хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ давуу талтай.

Сүүн шүдний арчилгаа яагаад чухал вэ?

Сүүн шүд нь байнгын шүднээс илүү арчилгаа шаарддаг. Учир нь сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорох (хорхойтоход) амархан байдаг.


  • Хорхойтсон сүүн шүд маш хүчтэй өвддөг

  • Байнгын шүдний ургалтад хорхойтсон сүүн шүд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

  • Хорхойтсон сүүн шүд авахуулах хэмжээнд хүрэхэд араа урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог. Ингэснээр шүд буруу байрлалтай, давхар ургах зэргээр гажиг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

  • Хорхойтсон сүүн шүд маш их бактери агуулдаг тул шинээр ургах байнгын шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж цооруулдаг.

Анхны шүдний сойзыг сонгохдоо юуг анхаарах вэ?

Шүдний эмч нарын зөвлөж буйгаар хүүхдийн анхны сүүн шүд дор хаяж хагас цухуйсан үед амны хөндийн арчилгаанд шүдний сойз хэрэглэж эхэлнэ. Эхний сойз нь нягт толгойтой, синтетик үстэй байх ёстой. Ердийн шүдний сойзноос гадна хурууны силикон сойз хэрэглэх боломжтой юм. Шүдний сойзыг сонгох зарчмууд:

  • Хүүхдийн шүдний сойзны толгой хоёр шүдний хэмжээтэй тэнцэхүйц байх шаардлагатай. Ингэснээр шүдний гадаргуу дахь бохирдлыг сайтар цэвэрлэх боломжтой болох юм

  • Шүдний толгой хэсэгт углах силикон тойрог бий. Энэ нь цэвэрлэгээ хийхэд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй

  • Шүдний сойзны үс нь нягт, өтгөн, зөөлөн байх шаардлагатай

  • Хүүхдийн шүдний сойзны бариул нь хүүхэд болон эцэг эхэд барихад тохиромжтой байхаар сонгоно

Нэг нас хүрэх үед хүүхдийн шүдийг өөрөөр нь цэвэрлүүлэх дадал суулгахад эцэг эхийн зүгээс туслах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хүүхэд өөрөө шүдээ цэвэрлэж эхлэх үед автомат сойз маш их тусалдаг аж. Түүнчлэн автомат сойз нь зөвхөн хүүхдэд шүдээ цэвэрлэх сонирхол төрүүлэхээс гадна цэвэрлэгээний чанарт ч мөн адил эерэгээр нөлөөлдөг байна. Автомат болон энгийн сойзыг сонгохдоо хүүхдэд зөөлөн, маш зөөлөн үсний төрлүүдтэй, сойзны толгой 2 см-аас ихгүй байхаар сонгоно.


Хүүхдийн оо сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдийн хувьд амаа зайлах чадваруудад хангалттай суралцаж чадаагүй байдаг тул аль болох ургамлын гаралтай нэгдлүүдийг агуулсан оог сонгох нь чухал. Дараах үзүүлэлтүүдэд анхаарал хандуулах шаардлагатай:

​Нас

​RDA

​ Фтор

0-3

>20

​>500 ppm

4-6

​>50

​>1000 ppm

​7-14

​>50

​ >1400 ppm


Хөхөөр удаан хооллосноос болж шүд хорхойтдог уу?

Анх 1972 онд АНУ-д 10 гаруй хүүхдийг хамарсан судалгаанаас хөхний сүү хүүхдийн шүд хорхойтоход нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг. Тухайн үед уг судалгааны үр дүн эрчимтэй тархсанаар одоог хүртэл энэ ойлголт зарим хүмүүст үлдсэн байдаг. Гэвч анагаах ухааны аливаа судлагаанд хэдий чинээ олон хүн оролцсон, төдий чинээ гарах үр дүн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг. Тэгэхээр хөхний сүү нь хүүхдийн шүд цооролтод шууд нөлөөлдөггүй гэж ойлгож болох юм.


Хөхний сүү нь хүүхдийн шүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин эсрэгээрээ хөхний сүү нь хүүхдийн шүд, ясны бэхжилтэд болон биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх олон витамин, эрдэс бодис агуулдаг. ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сангаас хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг хэдий ч хүсвэл хүүхдийг дөрвөөс зургаан нас хүртэл ч хөхүүлэх боломжтой. Энэ нь эх хүүхэд хоёрын эрүүл мэнд, эрхтэн тогтолцооны хөгжилд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.


Сүүн шүд хорхойтоход нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

  • Хөхний сүү, сүү орлуулагчийг бүрэн залгиагүй унтах

  • Чихэрлэг шингэн ууж унтах

  • Амны хөндийн арчилгаа муу хийх

  • Эцэг эхчүүд хүүхдийн угж, хөхөвч, хоолны хэрэгсэл зэргийг амандаа хийх замаар халдвар дамжих (Streptococcus mutans халдвар нь шүд цоороход нөлөөлөх гол хүчин зүйл болно. Эцэг эхийн шүд хорхойтоогүй байж болох ч уг бактерийн тээгч байх магадлалтай. Учир нь насанд хүрэгчдийн дархлаа тогтолцоо элдэв халдвартай тэмцэх чадвартай байдаг. Харин хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн хөгжиж амжаагүй байдаг учир халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэндэд асуудал үүсгэх магадлал өндөр байна.)

  • Шүлсний ялгаралт буурах (шүлс нь шүдний гадаргуугаас бохирдлыг арилгах, хүчиллэг орчныг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Иймд, шүлсний ялгаралт буурах нь шүд цоороход нөлөөлдөг)

  • Хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байх

Эх сурвалж:

“Зинт” клиникийн хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор

Т. Навчаа


PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хүүхдийн сүүн шүдний арчилгаа нь тухайн хүүхдийн нас, эрүүл мэндийн онцлогоос хамааран харилцан адилгүй байх тул шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

105 views
bottom of page