Ногоонбаатар ба ногоон хүмүүжил

Updated: Jun 17

Өнөөдөр бид мэдээлэл, техник, технологийн асар хурдацтай шилжилтүүдийг хийж буй нийгэмд амьдарч байна. Гэтэл хорь, гуч, дөчин жилийн дараа бидний үр хойчийг ямар амьдрал угтаж байгаа бол? Шинээр мэндэлж буй бяцхан үрс маань байгальтай зөв харьцаж, экосистемийн нэг эд эс болж амьдарч чадах болов уу?



Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан усны хомсдол, ган гачиг, хүнсний хомсдол г.м. маш том эрсдэлүүд аль хэдийн бидний өмнө тулж иржээ. Амьдралын хэв маяг болон өдөр бүр хийх сонголтуудад анхаарал хандуулж байгальд ээлтэй амьдралаар амьдрах нь цаг уурын өөрчлөлтийг хэвийн түвшинд барьж үлдэхэд оруулж буй бидний хувь нэмэр ба, өсөн торниж буй хүүхэд залуучуудаа байгалийг хайрладаг, байгальтай зөв харьцдаг иргэн болгож хүмүүжүүлэх нь эцэг, эх бидний үүрэг юм.


Тиймээс, та бидний бэлтгэсэн бяцхан зөвлөмжийг ашиглан байгальд ээлтэй эцэг эх байж, байгальд ээлтэй иргэнийг хүмүүжүүлээрэй.


0-3 насны хүүхдүүд


Дахин ашигладаг живх

Шинээр хүүхэдтэй болж буй эцэг, эхчүүд өдөрт 5-6 живх хэрэглэдэг ба живх нь байгальд задарч, устан алга болохын тулд хэдэн зуун жилийг зарцуулдаг. Дахин ашиглагдах боломжтой живх нь эдийн засгийн хэмнэлттэйгийн зэрэгцээ байгальд ээлтэй сонголт юм.


Хөхөөр хооллох

ЮНИСЕФ-ээс хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөж байна. Хөхөөр хооллох нь эх хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэйгөөс гадна сав баглаа боодол, үйлдвэрлэх эрчим хүч г.м. нэмэлт зарцуулалт багасгана.


Нэмж дурдахад ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сангаас хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг хэдий ч хүсвэл хүүхдийг дөрвөөс зургаан нас хүртэл ч хөхүүлсэн болдог.


Хүүхдийнхээ хоолыг гэртээ хийх

Өнөөгийн нийгэмд бидний амьдралыг хөнгөвчлөх зорилгоор маш олон бүтээгдэхүүнүүд бий болсоор байна. Гэвч эдгээр нь сав баглаа боодлоос эхлээд байгальд үлдэх хог хаягдал ихтэй байдаг. Тиймээс та байгальд ээлтэй эцэг, эх байж хүүхдэдээ гэрт нь хоол хүнсийг бэлдэж өгөөрэй. Хэрэв та хоол бэлтгэхэд төдийлөн зав гаргаж амждаггүй бол цагийг тань хэмнэх өгөөжтэй олон аргууд интернэтээс олох боломжтой юм шүү.


Байгальд ээлтэй угаалга

Хүүхэдтэй болсноор долоо хоног бүр маш их угаалга хийх хэрэгтэй болдог. Нэг угаалтаар аль болох их зүйлсийг бага температурт, байгальд ээлтэй угаалгын нунтаг ашиглан угааж хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж болно.


4-6 насны хүүхэд


Цахилгаанаа хэмнэе

Хүүхдэд тог цахилгаан хэрхэн бий болж буйг, цахилгаан хэрэглэлүүд ямар зарчмаар ажиллаж байгааг тэдний насны онцлогд тохируулан тайлбарлаж өгөх нь зүйтэй. Өрөөнөөс гарч л байгаа бол эрчим хүч буюу гэрэл болон хэрэглэгдэхгүй байгаа электрон төхөөрөмжүүдээ унтраах дадалд сургаарай.


Амьтантай харьцаж сурах

Хүүхдүүд гэрийн тэжээвэр болон тэдэнд аюулгүй амьтадтай харьцаж сурснаар энэрэх, хайрлах, халамжлах зэрэг эерэг зан чанаруудыг сурч авдаг.


Гэртээ ургамал тарих

Ургамалд тарих, түүнийгээ арчилж сурах нь энэ насны хүүхдүүдэд байгальтай ойр байх хамгийн энгийн арга юм. Түүнчлэн услах, цэвэрлэх, хатсан навчийг түүх зэрэг ургамлын хэрэгцээ шаардлагыг ойлгож санаа тавьж сурдаг.


Хуучин хувцаснууд болон тоглоомуудыг хэрэглэх

Хүүхдийн хөгжил нь маш хурдацтай явагддагтай адил тэдний хэрэгцээ, шаардлага ч мөн нүд эрэмхийн зур солигддог. Өнөөдөр авсан тоглоом хэдэн өдрийн дараа тэдний сонирхлыг татах нь юу л бол. Хэрэглэж байсан хувцас, тоглоом болон бусад эд зүйлсийг танилууд, найзууд, хамаатнуудтайгаа солилцож хэрэглэснээр та мөнгөө хэмнэхийн зэрэгцээ хог хаягдлыг багасгах боломжтой.


Зуны амралтаа "Гүүмби ба Жүүмби"-тэй хамтдаа зугаатай,

үр бүтээлтэй өнгрүүлцгээе!

137 views0 comments