top of page

Ц.Дэлгэрмэнд “Бага насны хүүхдийн тархины хөгжил”

Мандал эрсдэлийн сургууль нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэндийн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Манай тав дахь дугаарын зочноор сэтгэл судлаач Ц. Дэлгэрмэнд оролцож “Бага насны хүүхдийн тархины хөгжил” сэдвээр ярилцлаа.



Тархины бүтэц болоод үйл ажиллагааны онцлогын тухайд


Доорх зурган дээр буй цэнхэр гэрлүүд нь хэрхэн мэдээлэл тархинд дамжуулагдан очдгийг харуулж байна.

Харж байгаачлан мэдрэлийн эсүүд нь мэдээллийг өөр хоорондоо дамжуулж байдаг. Мэдээлэл гэдэгт бид цэцэрлэгт сурсан дуу, харсан нүүр царай, харж буй болоод ээж ааваасаа сурч байгаа зүйлс гэх мэтчилэнг ойлгож болно. Энэхүү үйл явц нь ураг бүрэлдэн бие болсноос хойш маш хурдтай хөгжиж эхэлдэг. Гурван нас хүрэхэд хүүхэд насанд хүрсэн хүний мэдэрдэг, боддог зүйлсийг сурсан байдаг. Энгийнээр бол тархины үйл ажиллагааны суурийн 90%-ийг бүрдүүлсэн байдаг гэсэн үг юм. Иймд, бага насны хүүхэд ямар мэдээлэл хүлээж авч байна вэ гэдэг нь маш чухал.


Хэдэн насны хүүхэд ямар хэмжээний мэдээлэл дамжуулдаг вэ?

6 болон 14 настай хоёр хүүхдийн хэнийх нь тархи мэдээллийг илүү хурдан дамжуулдаг вэ? Бидний бодлоор мэдээж том хүүхэд нь гэж бодож байгаа. Гэхдээ зургаан настай хүүхдийн тархи мэдээллийг илүү хурдан дамжуулдаг аж. Учир нь 14 нас хүрэхэд хүүхэд хүрээлэн буй орчны талаар хангалттай мэдээллийг тархиндаа аль хэдийн хүлээн авсан байдаг. Тухайлбал, ямар шувуу ямар дуу авиа гаргадаг, өвөл ба зуны ялгааг, өвөл болоход гадаад орчин өнгөө хэрхэн өөрчлөгддөг, хүйтэн үед дулаан байх хэрэгтэй гэх мэтчилэнг ойлгодог болсон байна. Харин зургаан настай хүүхдийн хувьд бүх зүйл харьцангуй шинэ байдаг тул тархины мэдрэлийн эсүүд мэдээллийг илүү хурдацтай дамжуулдаг аж.


Товч дүгнэн хэлэхэд шинээр сурсан зүйл, мэдээллийг хүлээж авахад мэдрэлийн эсүүд илүү хурдацтай ажилладаг. Ингэснээр энэхүү хүлээн авсан мэдээлэл бидний тархинд хадгалагдаж, дараа дараагаар нь эдгээр зүйлсийг хийхэд, танихад тархи анхных шигээ ачаалахгүй гэж ойлгож болох юм.


Хүүхэд хэдэн насандаа ямар ур чадваруудыг эзэмшдэг вэ?


Тоо таних чадвар

Хүүхэд нэг наснаасаа эхлэн аливааг таньж, тэдгээрийг тоолж сурдаг. Харин 2-4 насандаа өрөөнд гурван хүн байна уу, таван хүн байна уу гэдгийг ялгаж, их болон багыг ялгаж сурдаг байна. Тиймээс 1-4 насанд тооны талаарх ойлголт, сурах явц эрчимтэй явагддаг гэж ойлгож болох юм.


Дүрс таних чадвар

Хүүхэд нэг наснаас эхлэн дүрсүүдийн хоорондох ялгааг таньж эхэлдэг. Эдгээр мэдлэгүүд нь нас насанд нэмэгдсээр дөрвөн нас хүрэхэд тогтворждог аж. Жишээлбэл, нар дугуй дүрстэй, тэр дүрс нь өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгодог болсон байна.


Ярианы ур чадвар

Хэл ярианы ур чадварт хүүхэд нэг наснаас эхлэн суралцана. Эхний жил хүүхэд ээж аавынхаа хэлж буй үгийн бүтэц, авиа зэргийн мэдээллийг тархиндаа хадгалж, өөрийн ярианы хэлбэрийг бүрдүүлдэг. Харин хоёр наснаас эхлэн хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж, цаашлаад утга бүхий үгийг өөр хооронд нь холбож сурна. Эдгээр чадварууд нь дөрвөн нас хүртэл бага багаар хөгжсөөр үндсэндээ ярих чадвар бүрэлддэг байна.


Харааны ур чадвар

Дөнгөж төрсөн нярайн харааны ур чадвар маш эрчимтэй хөгжиж байдаг. Энэхүү явц нь гурван нас хүртэл үргэлжилж, үндсэн харааны ур чадвар нь тогтворждог байна.


Дадал үйлдэл

Хүүхэд гурван нас хүртэл аливаа дадал үйлдлийг маш хурдацтай сурдаг. Тухайлбал, хэзээ унтах, хоолоо идэх, шүдээ угаах болоод бусад үйлдлийг өөртөө дадал болгон суулгадаг байна. Харин гурван наснаас эхлэн дадал үйлдэл сурах нь багасна.


Сонсголын ур чадвар

Хүүхдийн сонсох ур чадвар төрсөн цагаас авахуулан дөрвөн нас хүртэл эрчимтэй хөгждөг. Зөвхөн аав ээжийн дуу хоолой бус гадаад орчны бүхий л дуу чимээг таньж, хүлээж авч байдаг байна.


Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар

Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар нь хүүхдэд 0-3 насанд эрчимтэй хөгжинө. Үүнээс цааших хугацаанд хөгжил тогтвортой байдлаар явагддаг байна.


Сэтгэл зүйч Ц. Дэлгэрмэнд-ийн вебанарын үеийн ярианы хэсгээс


Эцэг эхчүүдийн гаргадаг том алдаа нь хийж буй үйлдэл нь таалагдахгүй байна гээд тэр үйлдлийн өөрчлөх гээд байдаг.Ингэх нь сэтгэл зүйчийн зүгээс хархад хоцрогдсон арга юм. Жишээлбэл хүүхэд маань худлаа яриад байна. Энэ нь сайн муу гэсэн дүн тавьж болиулан гээд байдаг.


Шинжлэх ухаанд хоёр том асуулт байдаг.

  1. Хүний үйлдэлд ген нөлөөлдөг юм уу?

  2. Өссөн төрсөн газрын орчин нөлөөлдөг юм уу?

Гэх мэт асуултууд явж байдаг. Энэ асуултын хариултыг олохын тулд эрдэмтэд ихрүүд дээр судалгаа хийж үзсэн байдаг.Өөр орчинд өссөн ихрүүд адилхан зантай байдаг уу? энэхүү судалгаан 60, 70 жилийн үргэлжилсэн бөгөөд эрдэмтдийн тогтоосноор бол хүнд ген нөлөөлж байгааг судалгаагаар харуулсан байна.


Та манай Mandal risk school группээс сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндийн вебинарыг бүтэн үзэж сониролтой олон асуултын хариултыг авах боломжтой юм.

1,391 views

Recent Posts

See All
bottom of page