Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг 10 үгс

Зохиолч Yehuda Berg хэлэхдээ "Үг гэдэг хүн төрөлхтөнд нөлөөлөх хамгийн том хүч юм. Үгэнд бусдад туслах, бусдыг эдгээх, өвтгөх, хорлох, дээрэлхэх, номхотгох чадвартай хүч, энерги оршдог" гэсэн байдаг. Бидний хувьд бусдыг босгох уу? унагаах уу? гэдэг хэрхэн ямар үг сонгохоос хамаардаг.



Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ хэлж болохгүй, хэлэх ёсгүй үгс маш олон бий. Учир нь хүүхэд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад сэтгэлийн тэнхээ, хатуу үгсийг хүлээж авах чадварын хувьд харьцангуй сул байдаг. Тиймээс бидний хувьд сүртэй биш ч гэсэн санамсаргүйгээр хэлсэн ихэнх зүйл тэдний сэтгэхүйд шууд нөлөөлдөг. Та хүүхдээ өөртөө итгэлтэй, сайн хүн болгох эсвэл өөртөө итгэлгүй, чадваргүй, хүсэл эрмэлзэлгүй болгох эсэх танаас л хамаарна. Мэдээж бүхий л эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүссэндээ шүүмжлэх үетэй бишгүй тулгардаг.


Тэгвэл та бүхэнд эцэг эхчүүдийн түгээмэл хэлдэг хатуу үгсийг ямар үгээр орлуулж, хүүхдүүдтэйгээ харьцах хэрэгтэй талаар хуваалцъя.


1. "Чи бол аав ээжийгээ зовоодог муу охин/хөвгүүн"



Энэ бол эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлдэг хамгийн түгээмэл хэллэгүүдийн нэг. Бид бүгд л алдаа гаргаж байж аливааг сурдаг. Тиймээс хүүхдийг алдаа гаргаж буруу зүйл хийхэд нь шүүмжлэх хэрэггүй. Харин шүүмжлэлийн оронд өөрийг нь муу болохоор тухайн алдааг гаргасан гэсэн утгаар биш тухайн цаг мөчид хийсэн үйлдэл нь л буруу, цаашид сайн байх боломжтой гэдгийг зөв ойлгуулах хэрэгтэй.


2. "Битгий ийм тэнэг зүйл дээрээс болж уйлж бай"



Уйлах нь нас, хүйс харгалзахгүй бүхий л хүнд байдаг сэтгэл хөдлөл. Уйлснаар тухайн үеийн өвдөлт, шаналал, гомдол илэрхийлэгдэн гарч, хүнд нөхцөлөөс гарахад тусалдаг.


Гэвч уламжлалт хүмүүжлийн аргад хүнд хэцүү ямар ч үед хүүхдийг уйлуулахгүй байхад сургадаг. “Уйлах нь муу ёр”, “Эр хүн уйлдаггүй юм”, “Том болсон хүн чинь уйлдаггүй юм” гэх мэт уйлах нь сул дорой байдлын илэрхийлэл мэтээр итгүүлдэг. Үнэндээ ялихгүй зүйлээс болж уйлах нь бидний хувьд тэнэг зүйлс байж болох ч хүүхдэд бол тийм биш. Хүн бүрийн аливаа зүйлийг хүлээж авч буй мэдрэмж, сэтгэл зүйн байдал адилхан байх албагүй. Тиймээс хүүхдийн ямар ч сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч тэдний сэтгэл хөдлөлийг хуваалцдаг байх нь чухал юм.


3. "Чи яагаад ... -с илүү байж болдоггүй юм бэ? Би чиний насан дээр байхад ингэдэггүй байсан"



Бидний ихэнх нь энэ үгийг амьдралынхаа явцад ядаж 1 удаа сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Эцэг эхчүүд ихэвчлэн энэ үгийг хүүхдэдээ бусдаас илүү байх мотиваци өгөх үг гэж андуурдаг. Үнэндээ хүсэл зорилгыг нь ч юу ч үгүй унтрааж чадах, хэнд ч, хэзээ ч тусалдаггүй үг юм. Тэдэнд ингэж хэлснээр эсрэгээрээ өөртөө итгэлгүй, цаг ямагт өөрийгөө бусадтай харьцуулдаг болж, муу байгаадаа өөрийгөө болон эцэг эхээ үзэн ядахад хүргэнэ. Цаашлаад тэднийг өөрийгөө хүндлэх болон амьдралын зорилгодоо хүрэх чадвартаа эргэлзэхэд нь нөлөөлдөг.


Энэ үгийг хэлэхээсээ өмнө гэр бүлийн хүн тань таныг өөр хүнтэй харьцуулж түүнээс илүү бай, суралц гэж хэлбэл танд ямар санагдах бол? гэдгийг бодож үзээрэй. Хүүхэд заавал бусадтай адилхан, бусдаас илүү байх шаардлагагүй шүү дээ.


4. "Чам шиг хүүхэдгүй байсан ч болоосой"



Хүүхдэдээ хэлдэг хамгийн аймшигтай үгнүүдийн нэг. Эцэг эх байх нь ялангуяа ээжүүдэд амар ажил биш гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ үгийг ихэнх эцэг эхчүүд арга ядаж уурлахдаа хэлдэг. Гэвч энэ үгийг сонссон хүүхдэд би эцэг эхдээ болон бусад хэнд ч хэрэггүй юм байна гэсэн мэдрэмж төрүүлж, өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Тиймээс яаж ч уурласан энэ үгнээс зайлсхийгээрэй.


5. "Би чамайг орхиж яваад дахиж хэзээ ч ирэхгүй. Би удахгүй үхчих юм чинь"



Үнэндээ хүүхдийн чанга чимээ, замбараагүй байдал хааяа тэсэхийн аргагүй байдалд хүргэдэг ч энэ нь түүнийг сүрдүүлэх үндэслэл биш. Хүүхэд гэртээ өөрсдийнхөөрөө байж аюулгүй байдлыг мэдэрч, сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх хэрэгтэй. Харин хүүхдээ үймүүлэх болгонд нь сүрдүүлж айлгаснаар хүүхдэд аюултай, хамгаалагдаагүй, хоосон мэдрэмжийг төрүүлж цаашдаа хүүхэд өөрсдийнхөөрөө байж чадахгүйд хүрнэ.


6. "Аав/ээж чинь хэлж байгаа болохоор чи тэгэх ёстой"



Энэхүү өгүүлбэр нь ихэвчлэн хүүхдэдээ өөрийнхөөрөө бодож хийх боломж олгодоггүй эцэг эхчүүдийн ашигладаг үг юм. Ямар ч хүнд ойлгомжгүй байдал таатай санагддаггүй. Энэ нь магадгүй бага насны хүүхдэд богинохон хугацаанд үйлчилж болох ч цагийн аясаар хэнд ч хэрэггүй сүрдүүлэг үг болно. Тиймээс хүүхдээ үгэнд ордог байлгахын тулд яагаад хийх ёстой учир шалтгааныг нь тайлбарлаж, ярилцах нь чухал юм.


7. "Чи яг аав/ээж шигээ ... юмаа."



Таны хүүхэд эхнэр/нөхрийн тань сул талыг дуурайсан зан чанар гаргадаг байж магадгүй. Гэвч хүүхдийнхээ өмнө эхнэр/нөхрөө муу хэлэх нь хэзээ ч зөв санаа биш юм. Учир нь хүүхдийг аав эсвэл ээжтэй нь харьцуулснаар хүүхэд цаашид тэрхүү муу зангаа засах гэж хичээхгүй. Харин ч аав ээж маань тийм юм чинь би ч бас тийм л байх ёстой гэсэн итгэл төрж өөрийнхөө гаргаж буй зандаа гэмшихгүй. Тиймээс хүүхдээ хэнтэй ч харьцуулахгүйгээр зөвхөн болохгүй байгаа тэрхүү зан чанар дээр нь шүүмжлэл хэлээрэй.


8. "Чи үргэлж тэгдэг. Чи хэзээ ч тэгдэггүй."



“Үргэлж” “хэзээ ч” гэдэг үгс нь хүмүүсийн хувьд бусдыг шүүмжлэхдээ хэлдэг хамгийн түгээмэл үгс юм. Үргэлж эсвэл хэзээ ч гэсэн нөхцөл байдал нь үргэлж худал эсвэл хэзээ ч үнэн биш байдаг. Бид хүүхдээ загнахдаа ихэвчлэн "Чи хэзээ ч тоглоомоо хураадаггүй" эсвэл "Чи үргэлж худлаа ярьдаг" гэж хэлдэг. Үнэндээ маш олон тохиолдлын ядаж нэгд нь хүүхэд тоглоомоо хурааж эсвэл үнэн хэлсэн л байгаа.


Жишээ нь үнэн хэлдэг хүүхдийг үргэлж худлаа ярьдаг гэж хэлснээр хүүхдийн урам хугарч үнэн хэлсэн ч ялгаагүй юм байна гэсэн бодлыг суулгаж эхэлдэг. Ингэснээр цаашлаад бүх зүйлийг хийхэд зөв байсан ч буруу байсан ч ялгаагүй, юу ч өөрчлөгдөхгүй гэсэн сэтгэлгээгээр хандахад хүргэдэг.


9. "Чамаар бахархаж байна."



Эцэг эхчүүд бүгд л хүүхдээрээ бахархдаг. Гэтэл яагаад магтаалын үг байтал хүүхдэдээ хэлж болохгүй вэ гэж үү? Гэр бүлд байдаг л энгийн бодит жишээн дээрээс авч үзье. Нэгэн өдөр нэг охин ээж дээрээ гүйж очоод "Ээжээ би эгчдээ гутлыг нь олоход тусалсан" гэв. Ээж нь инээгээд "За" гэтэл тэр "Яагаад та надад бахархаж байна гэж хэлэхгүй байгаа юм бэ?" гэж уцаарлангуй асуув. Үүнээс харахад хүүхдийг хийж буй бүх зүйлд нь магтаж бахархах нь нөгөө талаасаа буруу зүйл юм. Учир нь хүүхэд аливаа зүйлийг хийхдээ зөвхөн бусдаас магтаал сонсохын тулд л хийдэг болох магадлалтай.


10. "Чи яагаад ийм ухаан муутай юм бэ?"



Эцэг эхчүүд бид энэ асуултыг асуух үед хүүхэд өөртөө нэг асуудал байна гэдэгт итгэж эхэлдэг. Мөн үргэлж буруу байхаас эсвэл хангалттай сайн биш байхаасаа ичдэг. Энэ нь цаашлаад өөрийн авьяас чадвартаа эргэлзэж, хүүхэд илүүг чадах эрмэлзэлгүй болгодог.

Тиймээс зөвхөн буруу зан чанарыг нь ярилцаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Мөн тэдний юу гэж хэлэхийг сонсож, тэрхүү зан чанарыг бий болгоход нөлөөлсөн шалтгааныг ойлгох хэрэгтэй.


Шерри Кампбелл хэмээх алдартны хэлсэнчлэн хүүхэд бүрийн сонсож өсөх долоон үгийг "Би чамд хайртай, Чамаараа бахархаж байна, Намайг уучлаарай, Би чамайг уучилж байна, Чамайгаа сонсож байна, Энэ бол чиний үүрэг, Чи хэр их хичээнэ, төдий чинээ амжилтад хүрнэ" хэмээн дурдсан байдаг. Тийм учраас та хүүхдэдээ хэлж болохгүй үгсийг үгийн сангаасаа бүр авч хаяж, сонсож өсөх ёстой гэгээлэг үгсийг хэлж байгаарай. Тэд зөв үг сонсож зөв хүн болно. Зөв хүн болсноороо та болон таны гэр бүл аз жаргалаар дүүрэн байх юм шүү.



911 views0 comments