top of page
Mandal Risk school

Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог

Updated: Oct 27, 2021

Хүн бүрийн насны онцлогт тохирсон биеийн, сэтгэцийн болон нийгмийн хөгжлийн онцлогууд бий. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн онцлогийг таньж мэдэх нь бага наснаас нь эхлэн аливаа нэг ур чадварыг эзэмшүүлж, хөгжүүлэх, нийгмийн амьдралд бэлтгэх бат бөх суурийг тавьж өгдөг.





Хүүхдийн амьдралын эхний гурван жилд тархи маш хурдацтай хөгждөг бөгөөд шинэ зүйл сурах, хүрээлэн буй орчноос мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвартай байдаг. Сонирхолтой баримт дурдахад нярай хүүхдийн тархины хэмжээ насанд хүрэгчдээс гурав дахин бага, гурван настайд насанд хүрэгчдээс 2 дахин идэвхтэй ажилладаг гэнэ. Үүний зэрэгцээ хүүхдийн тархи 100 тэрбум гаруй нейроноос бүрддэг бөгөөд төрөх үед өөр хоорондоо холбогдоогүй байдаг тул тэдний цөөн хэдэн л нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэдэг аж. Тухайлбал, амьсгалах, зүрх судасны тогтолцоог хариуцах гэх мэтчилэн. Харин бусад холбогдоогүй нейронууд гадаад орчноос мэдээлэл авч, түүнийгээ боловсруулж сурч авснаар салбарлаж, өөр хоорондоо холбогдож эхэлдэг байна. Хүүхэд мэдрэлийн эсийн түр холбоос бий болгох замаар аливаад суралцдаг тул түр холбоосуудыг байнга ашиглаж, идэвхжүүлэх тусам сурсан зүйл нь ур чадвар болон хөгжинө.


Хүүхэд 6-7 сартайгаасаа эцэг эхийнхээ ярианы хэмнэл, үгийн бүтэц зэргийг ялгаж, тархиндаа эдгээр мэдээллийг хадгалснаар өөрийн ярианы хэлбэрийг бүрдүүлдэг. Ийм учиртай тул нярай хүүхэдтэй харилцахдаа “хэлээ хазаж” ярихаас аль болох зайлсхийх нь зүйтэй.


Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд дараах үеүдийг онцолж болно:


2-3 нас. Энэ үед хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Учир нь энэ хугацаанд хүүхдэд бие даасан байдал бий болох, ичих, эргэлзэх мэдрэмжүүд үүсэж төлөвшдөг. Мөн хүүхэд ямарваа нэгэн эд зүйлс нь өөрийн гэсэн хэрэглээний үүрэгтэй байдгийг ялгах чадвартай болдог байна. Уг хугацаанд хүүхдийг өөрийнх нь дураар чөлөөтэй байлгаж, хорьж цагдахгүйгээр өсгөх нь биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бодолтой, бусдын эрхшээлд ордоггүй болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг.


3-4 нас. Энэ үед хүүхэд гадаад орчинтой холбоо тогтоох, эцэг эхтэйгээ харилцааны шинэ түвшинд гарах, эд юмстай тулж танилцдаг. Сэтгэл зүйчид “3 насны хямрал” гэж тодотгохыг та сонсож байсан болов уу. Учир нь энэ насанд хүүхдийн бие даах хүсэл нэмэгдэж, шаардлага тавих нь давамгайлж, эцэг эхийн хэт халамжаас зайлсхийдэг тул багахан асуудлууд бий болж эхэлдэг. Энэ хугацаанд эцэг эхийн зүгээс хүүхдэд гарч буй өөрчлөлтийг хүлээн авч, өөрийнх нь насанд тохирсон хариуцлагыг хүлээлгэж, ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа санал бодлыг нь сонсож, сайтар ярилцах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ түүний амжилтыг хуваалцаж, алдаа гаргах үед нь тайвнаар ярилцаж хүүхдэд өөрийнхөө үйлдлийг дүгнэх боломжийг олгох нь нэн чухал.


4-5 нас. Энэ үед хүүхэд урьд өмнөхөөсөө илүү хөдөлгөөний өндөр идэвхтэй байна. Энэ үед тэдэнд өөрийн биед буй их хэмжээний энергийг гадагшлуулах хэрэгцээ бий болдог аж. Харин хөдөлгөөнийг хязгаарлах гэж оролдоход хүүхэд ууртай, дуулгаваргүй болох магадлалтай. Тиймээс хүүхдийг хэт ачаалахгүй биеийн хөдөлгөөн шаардсан тоглоом тоглуулах, дугуйланд хамруулах зэрэг сонголтуудыг хийж тэдний энергийг зөв чиглүүлэх нь тустай.


5-6 нас. Энэ үед хүүхэд өөрийгөө том болж байгаагаа ойлгож эхэлдэг. Энэхүү мэдрэмжийг нь хүлээн авч, хэвийн зүйл болохыг тайлбарлаж, мөн шинэ зүйл сурахад чиглүүлж болох юм. Тухайлбал, өөрийн өдөр тутмын ажлуудаас хамтдаа хийхийг санал болгох, шинэ чадваруудыг төлөвшүүлэх зэрэг үйлдлээр дэмжихэд тохиромжтой.


6-7 нас. Энэ үед хүүхэд амьдралын өмнөх жилүүдээсээ их мэдээлэл хүлээж авах хүсэл эрмэлзэл өндөр болж, оюун ухааны чадамж нэмэгддэг байна.


Тодорхой насны ангилалд хүүхдийн зан үйл болон ур чадвар хэрхэн хөгжиж байдаг талаарх товч мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

Хүүхдийн цаашдын амьдралын суурийг тодорхойлох чухал жилүүдэд эцэг эхийн анхаарал, халамж, харилцан ойлголцол асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээр дурдагдсан онцлогууд дээр суурилан та өөрт хэрэгтэй, магадгүй дутагдаж байсан зүйлсийг ойлгоход мөн гэр бүлийн тань бат бөх харилцааг улам бэхжүүлэхэд багахан ч гэсэн тус болох болов уу гэж найдаж байна.


PS: Энэхүү нийтлэл нь бага насны хүүхдийн хөгжлийн онцлогийн үед нийтлэг ажиглагдах шинж тэмдэг, тэдгээрийн судалгаан дээр суурилан бэлтгэгдсэн болно. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг та бүү мартаарай.












7,920 views

Recent Posts

See All
bottom of page