top of page

Таны хүүхэд ямар арга барилаар суралцдаг вэ?

Updated: Nov 8, 2021

Хүүхэд бүр өөрийн гэсэн арга барилаар аливаа зүйлийг сурч, хүлээж авдаг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сурах арга барилыг таньж мэдэх нь цаашид тэдний давуу талыг тодруулахад, аливаа зүйлсийг хөнгөн хэлбэрээр сурах чадварыг хөгжүүлэхэд хамгийн чухал түлхэц үзүүлэх хүчин зүйл болох юм. Иймд, бид та бүхэнд хүүхдийн сурах арга барилууд болон тэдгээрийг хэрхэн дэмжих талаар мэдээллийг хүргэж байна.



Хүүхдийн өдөр тутмын энгийн үйлдлүүд нь тэдний аливааг сурах арга барилыг таних түлхүүр юм. Хүүхэд тань дуулах дуртай юу, идэвхтэй спортыг илүүд үздэг үү, аль эсвэл үлгэрийн номыг шимтэж уншдаг уу, зураг зурж, тэмдэглэл хөтлөх дуртай юу? Эдгээр үйлдлийг сайтар ажиглах хэрэгтэй аж. Үүний зэрэгцээ доор дурдагдах дөрвөн арга барилуудыг бүгдийг нь туршин аль нь илүү хүүхдэд тохирч байгааг тодорхойлох боломжтой.


Үндсэн 4 сурах арга барил байдаг:


  • Харааны

  • Сонсголын

  • Кинестетик буюу хөдөлгөөний

  • Унших/бичих


Харааны (visual). Энэ төрлийн сурах арга барилтай хүүхдүүд мэдээллийг нүдээрээ хүлээж авдаг бөгөөд харсан зүйлсээ тэмдэглэх, тодруулах зэргээр дамжуулаг илүү сайн тогтоож авдаг. Тэд чимээгүй орчинд суралцах дуртай бөгөөд сонсож, ярихаас илүүтэйгээр унших, бичих дуртай. Түүнчлэн харсан, уншсан зүйлсээ онцгой сайн санадаг. Зан төлөвийн хувьд эмх цэгцтэй, нарийн дэг журамд дуртай, хувийн зохион байгуулалт сайтай байна.


Таны хүүхэд харааны сурах арга барилтай бол:


  • Чимэглэл (зураг, график, газрын зураг гэх мэт), зураглал агуулсан номд дуртай

  • Хүүхэд тань хүн, үгс, газрыг санаж авахдаа сайн

  • Хүүхэд тань хүрээлэн буй орчин, эргэн тойрноо ихээхэн сонирхдог

  • Бусдын ажиглаж чадаагүй жижиг зүйлсийг анзаарч чаддаг

  • Хүүхэд тань хийж буй ажлын жишээг харуулахад илүү үр дүнтэй ажилладаг

  • Үзүүлэн, зураг, видео, ном зэрэг нь тэдний сурах хэрэглэгдэхүүн болно


Сурах арга барилыг дэмжих аргууд:


  • Тэмдэглэл хөтлөх үед нь аль болох олон өнгийн бал, харандаа сонгож өгөх

  • Шинэ зүйлсийг зааж, сургахдаа зураглал, график, диаграмм зэргийг ашиглах нь дэм болно

  • Өнгө, дүрс, үг бүхий картуудыг ашиглах нь шинэ зүйл сурах энгийн бөгөөд хөгжилтэй арга болно



Сонсголын (auditory). Энэ төрлийн сурах арга барилтай хүүхдүүд ой тогтоолт сайтай бөгөөд ярих болон сонсох чадвар нь түлхүү хөгжсөн байдагтул сонсож ойлгох дасгал, даалгаврыг амжилттай гүйцэтгэдэг. Эхийг чангаар дуудан унших, бусад хүний ярьж байгааг сонсох, хүмүүстэй харилцах дуртай. Мөн аливааг амархан цээжилдэг, ой тогтоолт маш сайтай, аман даалгаврыг төвөггүй биелүүлж чаддаг. Гэвч гаднын дуу чимээнд анхаарал нь амархан сарнидаг байна. Тэдний дуртай дасгал, даалгаврын төрөлд сонсох дасгал, харилцан яриа, ярилцлага зэрэг орно.


Таны хүүхэд сонсох арга барилаар суралцдаг бол:


  • Хүүхэд тань тоглож байхдаа, хичээл хийж байхдаа дуулдаг, ярьдаг

  • Хүүхэд тань аман зааварчилгааг дагахдаа сайн

  • Хүүхэд тань бусадтай ярих, ярилцах дуртай

  • Хүүхэд тань аливаа даалгаврыг хийхийн өмнө бүх зааврыг сайтар сонсдог

  • Хүүхэд тань аливаа зүйлсийг хийхдээ олон асуулт тавьдаг


Сурах арга барилыг дэмжих аргууд:


  • Сурах ном, бичиг, тэмдэглэгээг чангаар дуудаж унших

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцах

  • Шинэ зүйлсийг заахдаа өгүүллэг, дуу, шүлэг ашиглавал тэдэнд илүү таалагдах болно



Хөдөлгөөний буюу тактил (tactile-kinesthetic). Энэ төрлийн сурах арга барилтай хүүхдүүд нь будах, зурах, бүжиглэх, шинжлэх ухааны туршилт хийх, хоол хийх зэрэг идэвхтэй хэлбэрийн зүйлсд илүү өндөр сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл онолын гэхээсээ илүүтэйгээр өөрийн биеэр туршиж, оролдож үзэх хэлбэрээр аливааг сурдаг. Тиймээс ч тэдэнд уламжлалт хичээлийн арга барил буюу удаан цагаар ширээний ард суух уйтгартай бөгөөд хүндрэлтэй байдаг байна.


Таны хүүхэд хөдөлгөөний арга барилаар суралцдаг бол:


  • Биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардсан тоглоом тоглох дуртай

  • Хүүхэд тань удаан хугацаанд нэг газраа суухыг хүсдэггүй

  • Шинэ зүйлсийг турших дуртай

  • Гарын ур шаардсан ажлуудад дуртай

  • Хүүхэд тань шууд даалгаварт орж гүйцэтгэхийг илүүд үздэг


Сурах арга барилыг дэмжих аргууд:


  • Тоглоом тоглох хэлбэрэрээр шинэ зүйлсийг сургах боломжтой

  • Гарын хөдөлгөөн шаардсан тоглоом тоглуулах

  • Олон цагаар сууж хичээллэх тохиолдолд стресс бууруулах тоглоом санал болгох

  • Зарим бага насны хүүхдүүд зөөлөн бөмбөлөг дээр сууж хичээллэх үедээ мэдээллийг илүү сайн хүлээж авдаг

  • Даалгаврыг сууж гүйцэтгэхээс илүүтэйгээр зогсож хийх дуртай тул заримдаа энэ боломжоор нь хангах хэрэгтэй



Уншиж бичих (read/write). Энэ төрлийн сурах арга барилтай хүүхдүүд дээр дурдсан харааны болон сонсголын арга барилын чадваруудыг хослуулсан гэж ойлгож болно. Шинэ мэдээллийг унших хэлбэрээр хүлээж авахдаа гарамгай бөгөөд тэдгээрийг бичиж илүү сайн тогтоож авдаг. Чимээгүй орчинд илүү тавтай мэдрэмж авдаг, уран сэтгэмж, ой тогтоолт сайтай, анхааралтай, тууштай байдаг бөгөөд оновчтой сонголт хийх чадвартай байдаг байна.


Таны хүүхэд уншиж, бичих арга барилаар суралцдаг бол:


  • Хүүхэд тань аливаа зүйлсийг бичиж, тэмдэглэж авдаг

  • Хүүхэд тань ном унших, зохион бичлэг бичих дуртай

  • Хүүхэд тань уншсан зүйлсээ сайн тогтоодог

  • Нэг зүйлсийг олон дахин унших, бичих нь тэдэнд таалагддаг

  • Хүлээж авч буй мэдээллээ эмх цэгцэнд оруулах дуртай


Сурах арга барилыг дэмжих аргууд:


  • Санааг нь олон хувилбараар бичиж тэмдэглүүлэх

  • Сурах зүйлсийг бичиж, тэмдэглэхдээ дэд гарчиг, жагсаалт зэргийг ашиглах

  • Олон хувилбартай асуултуудад хариулуулах

  • Тэмдэглэлийг нь дахин дахин уншуулах




1,321 views
bottom of page