top of page
Mandal Risk school

Хүүхдийн уушгины хатгалгаа

Уушгины хатгалгаа нь вирус, бактерийн шалтгаант амьсгалын замын өвчин юм. Хатгалгаа өвчнийг үүсгэдэг нян дотроос хамгийн түгээмэл тохиолдох нь стрептококк, пневмококк байдаг. Харин вирусийн хувьд респератор-синтицальный РС вирус, коронавирус зэрэг багтана.

Уг өвчний үед уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнах ба хэвийн үйл ажиллагаа алдагдана. Манай улсын хувьд өвөл болон хаврын улиралд хатгалгаагаар өвчлөх тохиолдол хамгийн их байдаг.

Энэ удаагийн нийтлэлээр Ангаах ухааны доктор, “Зинт” клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа нь хүүхдийн хатгалгааны талаарх хамгийн түгээмэл асуултуудад хариуллаа.


– Сайн байна уу? Иргэдийн дунд ханиад хүндрээд хатгалгаа болчихлоо гэж ярьдаг, ийм боломжтой байдаг уу?

– Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хатгалгаа болон ханиад нь ондоо үүсгэгчтэй амьсгалын замын өвчин юм. Уушгины хатгалгаа өвчнийг үүсгэдэг нян болоод вирус байдаг. Нян дотроос хамгийн нийтлэг тохиолдох нь стрептококк, пневмококк. Харин вирусийн хувьд бидний хамгийн сайн мэдэх коронавирус, респератор-синтицальный РС вирус гэж бий. Тэгэхээр ханиад болон хатгалгаа үүсгэгчид тусдаа учир ханиад хүндэрч хатгалгаа болно гэдэг нь байж болох ч маш ховор тохиолдоно.

– Зөвхөн хүйтний улиралд хатгалгаагаар өвчилдөг үү?

– Хүйтний улиралд вирус идэвхжиж, өсөж үрждэг. Яг энэ үед сургууль танхим, гэрт агаарын солилцоо бага байдаг тул вирус үржих, халдвар авах нөхцөл болж өгдөг байна. Энэ үед мөн гадна болон дотор орчны агаарын бохирдол нэмэгддэг. Эдгээр хүчин зүйлс нь зөвхөн уушгины хатгалгаа ч биш, амьсгалын замын халдварт өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог.

Иймд, хэрвээ та бага насны хүүхэдтэй бол орчны агаарыг цэвэр байлгах тал дээр онцгой анхаарч байх нь зөв. Жишээ нь хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх, тогтмол цагт агаар сэлгэх, агаар чийгшүүлэх гэх мэтчилэн.

– Хатгалгаа болон ханиадыг хэрхэн ялгах вэ?

– Дээр дурдсанчлан ханиад болон хатгалгаа нь ондоо үүсгэгчтэй амьсгалын замын өвчин хэдий ч эмнэл зүйн хувьд ижил төстэй шинж тэмдэгтэй байх талтай. Тодруулбал, ханиалгах, халуурах, хоолны дуршил буурах гэх мэтчилэн. Уушгины хатгалгаа болон ханиадыг ялгах гол онцлог бол амьсгалын тоо юм. Хатгалгааны үед хүүхдийн амьсгалын тоо олширдог.

Хүүхдийн амьсгалыг тоолохдоо халуунгүй, тайван үед тоолно. Халуунгүй үед 2-12 сартай хүүхдийн амьсгал 50-аас дээш, 1-ээс дээш насанд 40-60 байгаа тохиолдолд амьсгалын тоо олширсон гэж үзнэ.

Ийм тохиолдолд эмчид хандан шаардлагатай арга хэмжээг авч, эмчилгээг эхлүүлнэ.

– Хатгалгаагаар өвчилсөн хүүхдийн хоолны дуршил яагаад буурдаг вэ?

– 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдэлд уушгины хатгалгаа болон суулгалт өвчнүүд тэргүүлэх шалтгаанууд болдог. Хатгалгаа бол хүнд өвчин. Тэр дундаа хоёроос доош насны хүүхдүүд хүндээр өвчилдөг. Мэдээж хэрэг хүнд өвчнөөр өвчилсөн үед хоолны дуршил буурна. Хүүхэд огт хоол идэх сонирхолгүй, хоолны дуршил муу байгаа бол энэ нь биеийн байдал төдий чинээ хүнд байгааг илтгэнэ.

– Уушгины хатгалгааны вакцин хүүхдийг халдвараас бүрэн хамгаалах уу?

– Бид хатгалгааны вакцин гэж нэрлэж заншсан боловч үүнийг пневмококкийн 13 цэнт вакцин гэж нэрлэдэг. Энэхүү вакцин нь хатгалгааг үүсгэгч хамгийн нийтлэг тохиолдох пневмококкийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга юм.

Тиймээс пневмоккийн эсрэг вакцин тариуллаа гээд хатгалгаагаар хэзээ ч өвдөхгүй гэсэн үг биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Зөвхөн өвчин үүсгэгч нэг вирусээс хамгаалж байна гэсэн үг юм.

Хоёр нас хүрээгүй бол хатгалгаа хамгийн хүнд тусдаг. Иймд, пневмококкийн вакцинд хамрагдах шаардлагатай гэж үздэг.

– Уушгины хатгалгаа яагаад дахидаг вэ?

– Уушгины хатгалгаа нь дахилтат өвчин гэсэн ангилалд ордоггүй. Гэвч жилд хоёр ба түүнээс дээш удаа уушгины хатгалгаагаар өвдөж байгаа тохиолдолд дахилтат хатгалгаа гэж үзнэ. Ойр ойрхон уушгины хатгалгаагаар өвдөхөд дараах хүчин зүйлс голлон нөлөөлнө:

ДАРХЛААНЫ ХОМСДОЛ

Эрүүл мэндийн болон амьдралын хэв маягаас улбаалан дархлаа тогтолцооны хомсдол үүсэхийг хэлнэ. Үүнд:

  • Тэнцвэртэй хооллож, хангалттай хэмжээний шим тэжээл, витамин, эрдэс бодис авч чаддаггүй

  • Тураалтай эсвэл жингийн илүүдэлтэй

  • Цус багадалттай

  • Рахиттай

  • Д витамины дутагдалтай зэрэг шалтгааны улмаас дархлаа муудсан байх магадлалтай

УУШГИ БОЛОН ЗҮРХНИЙ ГАЖ ХӨГЖИЛ

Ургийн эд эрхтэн үүсэж, хөгжих явцад ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалж хэвийн өсөх, хөгжих боломжгүй болж үүсэх эмгэг байдлыг төрөлхийн гаж хөгжил гэнэ. Нийт 4 000 төрөлхийн гаж хөгжил байдаг ба өөрөөр хэлбэл энэ нь ямар ч эрхтэнд тохиолдох магадлалтай гэсэн үг юм.

Иймд, хэрвээ хүүхдэд уушгины, зүрхний төрөлхийн гаж хөгжил бий болсон бол энэ нь уушгины хатгалгаа болон бусад эмгэг үүсэх үндсэн шалтгааны нэг болдог байна.

– Ураг хэвлийд байхдаа хатгалгаагаар өвчилдөг үү?

– Тийм. Ихсээрээ дамжуулан умай доторх халдвар гэж анагаах ухаанд нэрлэдэг халдвар байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд дөнгөж төрөхдөө уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй төрдөг явдал бий. Сайн мэдээ нь ховор тохиолддог.

Түүнчлэн нярайн хатгалгаа гэж байдаг. Энэ нь хүүхэд эхээс эрүүл төрсөн ч хэдэн цагийн дотор эвсэл өдрүүдэд хатгалгаагаар өвчлөхийг хэлнэ.

– Эдгэрсний дараа хүүхдийн асаргаанд юуг анхаарах вэ?

  • Хүүхдийн хоолны дуршил аажмаар сайжрах тул шим тэжээлтэй хоол хүнс өгөх

  • Дааруулахгүй байх

  • Цээжинд доргилттой иллэг хийж өгөх нь цэр суллахад тустай

  • Өндөг, амтлагч, чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаанаас тодорхой хугацаанд татгалзах хэрэгтэй

  • Хүүхдийн хажууд гэр, машинд тамхи татахгүй байх

  • Хурц үнэртэй зүйлсээс хол байлгах

PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна.


Эх сурвалж: edoctor

217 views

Comments


bottom of page