top of page

Жилд 38,000 хүүхэд гэнэтийн осолд өртөж байна

Updated: Jan 11, 2021

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 138 мянган гэнэтийн осол гарч байгаагийн 30 хувийг хүүхдийн осол дангаараа эзэлдэг. Уг осолд өртөж буй шалтгаан нас насны ангилалд харилцан адилгүй байдаг ч гол төлөв зам тээврийн осол, өндрөөс унах, түлэгдэх, амьгүй механик хүчин зүйлд өртөх, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгаанууд тэргүүлдэг гэдгийг судалгаанаас дүгнэж болно.


Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Эдгээрийн 40 гаруй мянга нь жилд зөвхөн хэн нэгний хэнэггүй байдлаас болж гэнэтийн ослын золиос болж байна. Харамсалтай үзүүлэлт. Олон хүүхэд хариуцлагагүй байдлын төлөөс болгож эрүүл, аюулгүй өсөж торних эрхээ алдсаар л...


Гэнэтийн ослын тоон мэдээллээс бид дан ганц хүүхдийн өртөх эрсдэлээс гадна насанд хүрэгчид ч мөн адил өөрсдийн амь нас, эрүүл мэндэд ямар хайхрамжгүй хандаж байгааг харж болно. Насанд хүрэгчид өөрсдийн эрсдэлд хандах хандлагыг амьдралын ёс, байгалийн жамтай холбож туйлширдгаас олон асуудлын ундарга үүсдэг гэдгийг нуух юунд. Бодит байдал ийм байхад яагаад өсөж торниж буй бяцхан хүүхдүүдэд хангалттай анхаарал тавьж, зохистой эрсдэлийн мэдлэг хүрч чадахгүй байгаад тайлбар илүүц биз ээ.


Хүүхдүүдийн өртөж буй гэнэтийн ослууд эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой. Учир нь хүүхэд анх төрсөн цагаасаа эхлэн хүрээлэн буй орчинтой танилцах, эд юмстай харьцах нь тойрч биш дайрч гарах л зүйл. Харин үүнийг дагаад эрсдэлтэй нүүр тулах шаардлага бий болдог гэдгийг ойлгох нь зүйтэй.


Зам тээврийн ослоор л гэхэд олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа жилээс жилд хохирсоор л байна. Яриад л өнгөрдөг. Гэвч явган зорчигч зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар боловсрол хүүхдүүдэд эцэг эхийн ч, хариуцсан албаны хүмүүсээс ч дутмаг олгогдож байна. Гарцгүй газраар хүүхдээ хөтлөөд гүйж байгаа жишээг л гэхэд өдөрт нэг биш нэлээд хэдээр харж болно. Дараа нь хүүхэд ганцаараа зам гарах тохиолдолд “болдог шдээ, амжина” гэсэн гэнэн бодлоор гүйгээд л гардаг. Хэнэггүй байдлаасаа болж хүүхдэд муу дадал суулгаж буй энгийн нэг жишээ гэхэд энэ.

Бусад эрсдэлийн хувьд ихэнх нь ахуйн орчинд тохиолддог. Бага насны хүүхдийн дийлэнх нь түлэгдэх, 0-14 насны хүүхдийн дунд унах зэрэг эрсдэлүүд тэргүүлдэг. Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт хамгийн сайн төвлөрөх орчин. Гэвч яагаад хамгийн аюулгүй байх орчиндоо хүүхдүүд осол гэмтэлд өртсөөр байна вэ? Аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сонголт эцэг эх бүрд бий. Дахиад л хариуцлагын асуудал.


Маш олон хүүхэд сэргийлэх боломжтой шалтгааны улмаас гэмтэж, эндэж байгаа нь харамсалтай. Цөөн хэдэн хүүхдийн төлөө байгууллагын хүч бүх хүүхдэд хүрч ажиллаж хүрэхгүй. Харин хүн бүхэн дор бүрнээ хүүхдийн аюулгүй байдлын төлөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий.


Хүүхэд бол асар том хариуцлага. Анхаарал, халамж, хайранд гандахгүй ургах жамтай. Энгийн зүйлсийг хэвшил болгож эрсдэлээс хүүхдийг ч өөрийгөө ч урьдчилан сэргийлж амьдралын зөв дадал суулгах нь нэн шаардлагатай асуудал билээ. Таны гарт үргэлж зөв сонголтыг хийх боломж байдаг гэдгийг санаарай.


207 views
bottom of page