Сурагчдын өвлийн амралт эхэлсэн энэ цаг үед бид хүүхдийнхээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх нь тэдний дараа улирлын хичээл, эрч хүчид ихээхэн нөлөөтэй. Мөн хичээлдээ явахгүй байх нь хүүхдийн дэлгэц ашиглалтын хугацааг нэмэгдүүлж байдаг. Тиймээс хүүхдээ дэлгэцнээс хол байлгаж, хамтдаа хийж болох дараах 10 сонирхолтой санааг хүүхдийнхээ хөгжил боловсролд анхаардаг хэн бүхэнд зориуллаа.
1. Унших
Хүүхэдтэйгээ хамтдаа ямар нэг зүйл унших нь түүнтэй холбогдох хамгийн шилдэг арга юм. Үүнд заавал хичээлийн ном байх шаардлагагүй. Уран зохиол, гадаад хэл дээрх үлгэрийн ном гэх мэт ямар ч төрлийн ном унших нь тэдний тархины хөгжил болон сэтгэн бодох чадвар цаашлаад хэл ярианы баялагт эергээр нөлөөлдөг. Мөн уншиж буй зүйлийнхээ талаар хариу үйлдэл, санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлэх төдийгүй хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодлыг бий болгож, тэдэнтэй харилцахад туслах юм.
Бүх цаг үеийн хамгийн амжилттай хүүхдийн номын цувралаар Harry Potter-н цувралууд орсон байдаг. Тиймээс хүүхэд тань уг цувралыг уншаагүй байдаг бол энэ амралтыг ашиглан уншихад хамгийн тохиромжтой цаг юм шүү.
2. Хамтдаа хоол хийх
Бид хүүхдэд ямар нэг зүйл заахыг хүсэж байвал цагийг нь зөв тааруулах нь чухал. Хоол хийх нь бүтээлч үйл явц ба хоол хийхийг зааснаараа бид бүтээлч чадварыг нь дэмжиж байна гэсэн үг. Тиймээс хүүхдийг “Би хийе, тусалъя” гэхэд нь хойшлуулахгүйгээр хоол хийх үндсийг нь тавьж суралцуулах нь чухал.
Амралт, баярын өдрүүдээр хүүхдийн амттай хоол идэх хүсэл энгийн үеэс илүү төрдөг. Тэгвэл хүүхдийнхээ хоолны чадварыг хөгжүүлэхийн сацуу хамтдаа шинэ хоол туршаарай.
Амархан, сонирхолтой амттан болон хоолны санаа:
3. "Гүүмби Жүүмби хоёр эрсдэлтэй танилцсан нь" хичээл үзэх
Хүүхэлдэй үзэх нь хүүхэд бүрийн бага насанд байх л ёстой асуудал боловч өнөө цагт зөв зүйлийг сонгон үзэх нь чухал болоод байна. Учир нь цахим орчин хөгжсөн энэ цаг үед хүн бүр үзэхийг хүссэн бүхнээ үздэг болсон. Үүний хирээр хүссэн бүхэн нь цахим орчинд юу ч хамаагүй хийж, нийтэлдэг болсон. Ингэснээр хяналтгүй олон үзэх зүйл гарч тэдний үзэл бодол, үг хэллэг, үйлдэлд нь нөлөөлж байна. Тэгвэл орчин үед хүүхдэд сонирхолтой, суралцахуйц зүйл үзүүлэх ёстой.
Мөн эцэг эхчүүд бид хүүхдээ минут тутам дагаж, хараа хяналтдаа байлгаж чадахгүйгээс хойш хүүхэд өөрийн насны хүрээнд эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байх нь чухал. Үүнийг Мандал эрсдэлийн сургуулийн зүгээс бэлдсэн “Гүүмби Жүүмби хоёр эрсдэлтэй танилцсан нь”, “Хонхтой ном” зэрэг анимейшн хичээлүүд таны хүүхдийг уйдаахгүйгээр олгож чадна.
Хичээл үзэх:
4. Баярласан сэтгэгдлээ бичих
Гэр бүлийнхээ хүрээнд нэгнийхээ юунд баярлаж, гомдсон сэтгэгдлээ бичиж солилцоорой. Магадгүй хүүхэд тань таны төсөөлөмгүй зүйлд баярлаж, гомдсон ч юм билүү? Тэд насныхаа онцлогоос шалтгаалан аав ээждээ хэлмээр байгаа бүгдийг чөлөөтэй илэрхийлж чадахгүй эсвэл introvert хүүхэд ч байж болно. Тиймээс тэдний дотроосоо юу хүсэж явдгийг та тухайн захидлаас ч мэдэж болох юм. Нэгнээ ойлгох гэж хичээж, оролдлого хийдэг байх нь гэр бүлийн хувьд хамгийн чухал чанарын нэг юм шүү.
Шинэ жилийн баяраар хайртай хүмүүсдээ сэтгэгдлээ бичиж өгөхөд тохиромжтой дараах аргаас туршиж болох юм.
5. Хуваалцах
Өвлийн амралт бол гэр бүлээрээ хамтдаа байж, дурсамжаа ярилцахад хамгийн тохиромжтой цаг. Дуртай түүхээ эсвэл аав ээж нь яаж танилцсан, өөрсдийнхөө хийж байсан ажил, амьдралдаа сургамж авч байсан зүйл гэх мэтээр ямар ч түүхийг хуваалцаж болно. Энэ нь гэр бүлийг илүү дотно болгож, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх юм шүү.
6. Хөдөлгөөнтэй байх
Зурагт эсвэл утсан дээрээ Youtube тавин хамтдаа йог хийж, бүжиглэхэд цагийг зарцуулаарай. Хөдөлгөөнтэй байх нь хүүхдэд төдийгүй танай гэр бүлд олон давуу талтай ба нойрны чанарт ч сайнаар нөлөөлдөг байна.
Дараах 10 минутын дасгалыг гэр бүлээрээ хамтдаа хийж болно шүү.
7. Өөрийн гараар баярын бэлэг бэлдэх
Шинэ жилийн баяр бол яалт ч үгүй хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэр бүлийн чухал баяр билээ. Тиймээс амралт эхэлсэн энэ үед гэр бүлийнхээ бусад гишүүдэд хамтдаа гайхалтай бэлэг бэлдэж болно шүү дээ. Учир нь өөрийн гараар бэлдсэн бэлэг ямар ч бэлгээс илүү үнэ цэнтэй байж сайхан мэдрэмж төрүүлж чадна.
Гараар хийж болох амархан бөгөөд өхөөрдөм 12 аргаас санаа аваарай.
8. Номын дэлгүүрээр аялах
Хүйтэн сэрүүний улиралд аялах гайхалтай газруудын нэг бол яалт ч үгүй номын дэлгүүр. Номын дэлгүүрт хүссэн номоо сонирхох төдийгүй хүүхдийнхээ ямар төрлийн ном унших илүү сонирхолтойг ч мэдэх том боломж юм шүү.
9. Ямар нэг зүйл бүтээх
Лего өрөх, юм оёх, зураг зурах зэргээр ямар ч хамаагүй шинэ зүйл туршиж үзээрэй. Энэ нь цаашлаад хүүхдэд өөр бусад зүйлүүдийг хийж бүтээх сонирхол, урам зоригийг төрүүлж, өөртөө итгэлтэй хүүхэд болоход том тус хүргэх юм.
10. Ууланд алхах
Өвлийн амралт төдийгүй бүхий л улиралд тогтмол гэр бүлээрээ ууланд алхаж сурах нь зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Учир нь өвөлдөө ууланд алхах нь өвлийн утаанаас жаахан ч гэсэн ангижирч, уушги эд эрхтнээ цэвэрлэх боломж юм. Мөн ууланд алхах нь бүхий л эд эрхтэн системд сайнаар нөлөөлөөд зогсохгүй оюун санааг амрааж, стрессээс ангижрах зөв сонголт юм. Тиймээс 7 хоног бүрийн тогтмол нэг өдрийг заавал ууланд алхахад зарцуулдаг байгаарай.
Эцэст нь хэлэхэд дээрх аргуудаас санаа авч хүүхдэдээ заавал цаг гаргаарай. Хүүхэд бүр хайр, халамжаар дүүрэн, эрсдэлгүй орчинд өсөх ёстой. Үүнийг эцэг эхчүүд та бид л бүрдүүлэх үүрэгтэй юм шүү.
Comments