top of page

Т. Навчаа эмчийн онцлох 5 зөвлөмж

Updated: Oct 27, 2021

“Мандал Эрсдэлийн Сургууль” нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Эхний дугаарын зочноор Анагаах ухааны доктор Т. Навчаа эмч оролцож 0-6 насны хүүхдийн эрүүл мэндийн нийтлэг асуудлуудын талаар ярилцсан. Ингээд бид та бүхэнд хүүхдийн их эмчийн өгсөн онцлох 5 зөвлөмжийг тоймлон хүргэж байна.



Шарлалтгүй хүүхэд төрүүлэх арга байдаг уу?


Зөвхөн Монгол улсад ч бус дэлхий дахинд шарлалт маш элбэг байдаг. Дутуу төрсөн нярайн 80%, хугацаандаа төрсөн хүүхдийн 50%-д тохиолдоно. Сайн мэдээ нь гэвэл нийт шарлалттай төрсөн нярайн 90%-д нь эмчилгээ шаардлагагүй, үлдсэн 10%-д гэрээр хийх боломжтой фото эмчилгээ шаардлагатай байдаг.


Өнөөдрийн байдлаар анагаах ухаанд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан арга тогтоогдоогүй тул ээжүүд мань ямар нэгэн бүтээгдэхүүн, зар сурталчилгаанд итгэх хэрэггүй гэдгийг зөвлөе. Иймд, ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхээр завдаж байгаа бол та заавал мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй гэдгийг сануулъя.


Хөхөөр хооллосноос болж шүд цоордог уу?


Хүн 20 сүүн шүд, байнгын 32 шүдтэй байна. Хүүхдийн хувьд 4-14 сартайд анхны сүүн шүд гардаг бөгөөд гурван нас хүрэхэд 20 сүүн шүд ургаж дууссан байдаг ба ойролцоогоор таван нас хагастай үеэс байнгын шүдээр солигдож эхэлдэг.


Анх 1972 онд АНУ-д 10 гаруй хүүхдийг хамарсан судалгаанаас үүдэлтэйгээр хөхний сүү хүүхдийн шүд хорхойтоход нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг. Тухайн үед уг судалгааны үр дүн эрчимтэй тархсанаар одоог хүртэл энэхүү ойлголт зарим хүмүүст байсаар байдаг аж. Гэвч анагаах ухааны аливаа судалгаанд хэдий чинээ олон хүн оролцсон, төдий чинээ судалгаанаас гарсан үр дүнг бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг. Тэгэхээр энэ нь буруу ойлголт юм.


Хөхний сүү нь хүүхдийн шүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сангаас хүүдийг хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг хэдий ч хүсвэл хүүхдийг дөрвөөс зургаан нас хүртэл ч хөхүүлсэн болдог. Энэ нь эх хүүхэд хоёрын эрүүл мэнд, эрхтэн тогтолцооны хөгжилд ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм.


Хүүхэд үе үе хамаг бие чангалах нь ямар шалтгаантай байдаг вэ?


Хүүхэд бие чангалах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Энэ нь үндсэн гурван шалтгааны улмаас болдог:


· Таталт

· Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэлбэр

· Өөрийн биетэйгээ танилцаж байгаа хэлбэр


Эдгээрээс хамгийн аюултай нь таталт юм. Хэрэв хамаг биеэ чангалах нь таталтын шинж тэмдэг байвал хүүхэд нэг цэг рүү харж гөлийж, орчинтойгоо ямар нэгэн харьцаа тогтоодоггүй. Тиймээс эдгээр шинж илэрсэн тохиолдолд тухайн үед бичлэг хийж мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Мөн хэрэв хүүхэд татах үед биеэ хэдэн секунд, минут чангалбал үүний дараагаар ихэвчлэн нэлээд урт, гүн унтдаг. Эрүүл төрсөн хүүхэд ямар нэг шалтгаангүйгээр ингэж татах нь их ховор. Таталт нь ямар нэгэн шалтгааны улмаас хүүхэд эрүүл төрсөн байх магадлал бага үед ажиглагдана. Татахад нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар ангилна:


· Апгарын оноо маш бага буюу 1-4 хооронд байх

· Ус гараад 20-30 цаг болсны дараа төрөх

· Ургийн хэмжээ том байх (4-6 кг)

· Эхийн таргалалт


Биеэ чангалах дараах шалтгаан бол сэтгэл хөдлөл юм. Хэлд ороогүй үед хүүхэд биеийн хэлээр өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Тодруулбал, ямар нэгэн шалтгаан, нөхцөл байдлын улмаас ч юм уу хүүхэд баярлах, уурлах, гутрах, гомдох тохиолдолд хүчтэй сэтгэл хөдлөлөө биеэ чангалах хэлбэрээр илэрхийлэх тохиолдол бий. Энэ үед хүүхэд нэрийг нь дуудахад харах, орчинтойгоо харилцаатай байх зэрэг шинжээр таталтаас ялгарна.


Биеэ чангалах гурав дахь шалтгаан бол өөрийн булчинг ажиллуулж байгаагийн шинж юм. Ээжүүд эмчид хандахдаа хүүхэд толгойгоо их хөдөлгөөд, хуруугаа амандаа хийгээд байна гэсээр ирдэг. Эдгээр нь бүгд хүүхдийн бие махбодтойгоо танилцаж байгаагийн илрэл юм. Тэгэхээр хүүхэд “Би ингэж булчингаа чангалж бас суллаж чаддаг юм байна” гэж танилцаж байдаг байх нь.


Хэрэв эдгээр мэдээллийг авсан ч хүүхэд биеэ чангалах үед та ялгаж чадахгүй байгаа тохиолдолд тухайн үеийн бичлэгийг хийж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.


Хүүхэд их хөлрөх ямар шалтгаантай байдаг вэ?


Хүүхэд төрөхөд үед эд, эрхтний тогтолцоо бүрэн байдаг ба насанд хүрэгчдээс ялгаатай нь тэдгээрийн үйл ажиллагаа, бүтэц зэрэг нь гүйцэд хөгжөөгүй байдаг. Хүнд ойролцоогоор 6.5 сая хөлсний булчирхай байдаг бөгөөд тэдгээр нь уруулаас бусад биеийн бүх хэсэгт тархан байрладаг. Хүүхдийн анагаах ухаанд хүүхдийн нэг м² арьсанд оногдох хөлсний булчирхай насанд хүрэгчдийнхээс 5.5 дахин их гэж үздэг. Ийм байдлаар хөлрөлтийг тайлбарладаг. Иймд, хүүхэд 2-4 нас хүртэл насанд хүрэгчидтэй харьцуулахад илүү их хөлөрдөг байна.


Хүүхэд доошоо харж унтах нь хэвийн үү?


Хүүхэд доошоо харж унтах нь элэг муу байхтай холбоогүй бөгөөд үүнийг нотолсон анагаах ухааны баримт байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Бүх насны хүмүүст эрүүл мэндэд ашиг тустайгаас үл хамааран өөрийн гэсэн унтах тавтай байрлал байдаг шүү дээ.

Харин 1980-аад оны эхнээс АНУ-д анагаах ухааны нийгэмлэгээс хийгдсэн ажлын үр дүнд доошоо харж унтах нь нярайн гэнэтийн нас баралтын тодорхой хувийн шалтгаан байх магадлалтай болохыг тогтоосон. Тодруулбал, энэ ажлын хүрээнд нярайг доошоо харуулж унтуулахгүй байх зөвлөмжийг өгсний үр дүнд нярайн гэнэтийн нас баралт 50%-иар буурсан байна. Нярайн гэнэтийн нас баралт гэдэг нь ой хүрээгүй эрүүл, ямар нэгэн зовуургүй хүүхэд унтаад эргэж хэзээ ч сэрээгүй тохиолдлыг хэлэх бөгөөд одоог хүртэл анагаах ухаан үүний тодорхой шалтгааныг тогтоогоогүй байна


Хүүхэд доошоо харж унтахдаа илүү сайн амардаг гэж эцэг эхчүүд мань их ирдэг. Энэ үед би хүүхдийг доошоо харж унтуулах үед аль болох хавтгай, хатуу гадаргуу дээр амрааж, нүд салгахгүй байхыг зөвлөдөг. Хэрэв эцэг эхчүүд мань нярайн дундаж унтлагын цаг буюу 2-4 цагт нүд салгалгүй харж чадна гэвэл доошоо харж унтуулахыг хориглодоггүй. Харин боломжгүй тохиолдолд дээшээ харж унтуулах нь зөв юм.


PS: Вебинарын хүрээнд Т. Навчаа эмч мань эцэг эхчүүдэд нийтлэг тохиолдох хүүхдийн эрүүл мэндийн асуудлын талаарх өгсөн эдгээр болон бусад чухал зөвлөмжүүдийн дэлгэрэнгүйг та https://www.facebook.com/groups/mandalschool холбоос дээр дарж хүлээн аваарай.

5,568 views
bottom of page