top of page

Багшийн хүлээлт хүүхдийг тодорхойлдог

Updated: Aug 10, 2022


Багшийн хүлээлт хүүхдийн ирээдүйд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар боловсрол судлаачид болон сэтгэлзүйч нар маш олон туршилтуудыг явуулж ирсэн юм. Энэ олон судалгааны дүнд багшийн хүлээлт хүүхдийн сурлагад маш чухал нөлөөтэй гэдэг нь нотлогдож байна.


Харвардын профессор Роберт Розентал 1964 онд нэгэн сонирхолтой туршилтыг хийсэн байдаг. Тэрээр Сан Франциско хотын хэд хэдэн улсын сургуулийн сурагч нараас энгийн IQ тест авсан ба үүнийгээ багш нарт нь Харвардаас боловсруулсан оюуны өндөр чадварыг илтгэх тест гэж хэлсэн байна. Ингээд анги тус бүрээр санамсаргүй байдлаар хэд хэдэн сурагчийг сонгон авч, тэдгээр сурагч нартаа өндөр оноо тавьж багш нарт нь үзүүлжээ.


Тэрээр Харвардаас боловсруулсан энэ тестэд өндөр оноо авсан эдгээр сурагч нар ирээдүйд маш их амжилтыг үзүүлэх болно гэж багш нарт нь итгүүлсэн байна. Хачирхалтай нь санамсаргүйгээр сонгож авсан эдгээр сурагчдын сурлагын үзүүлэлт ирэх 2 жилийн хугацаанд илт сайжрав.


Багш нарын эдгээр хүүхдүүдтэй харилцах харилцаа нь маш үл ялиг боловч олон зуун янзаар ялгарч байлаа. Жишээ нь, тэд эдгээр хүүхдүүдэд хариуг хэлэх хугацааг илүү удаан өгч, амжилт гаргахад нь урамшуулж мөрөн дээр нь хүрч, ярилцахдаа инээмсэглэж байв. Энэ судалгаа нь маш олон нээлтийг хийж үзүүлсэн юм.

Багш нар хэрэв хүүхдүүдэд зөв сэтгэлзүйн дэмжлэг үзүүлбэл тэдний дүн дээшлэх боломжтойг, багш нарын хүлээлт хүүхдийн сурлагад маш чухал нөлөө үзүүлдэг болох гэх зэрэг.


Үүнээс хойш хийсэн судалгаануудын нэгэнд багш нар шинээр анги хүлээн авмагц хүүхдүүдийг ерөнхийд нь 3 ангилдаг болохыг туршиж харуулсан байдаг. Багш нар “#хэцүү_хүүхэд”, “#сайн_хүүхэд”, “#дундаж_хүүхэд” гэсэн 3 ангилалд ангиа хуваадаг бөгөөд гурван өөр сэтгэлзүйн тактикаар эдгээр хүүхдүүдтэйгээ харилцдаг гэнэ.


Энэ бол мэдээж зориуд хувааж буй үйлдэл биш гэдгийг уншигчид санах хэрэгтэй. Энэ бол багш нар тархин дотроо автоматаар ангилж буй үйлдэл юм шүү. Өөрөөр хэлбэл, энэ нь багшийн өөрийнх нь сэтгэлзүйн үзэгдэл гэж хэлж болно.


Бас нэг судалгаан дээр зарим багш нар “эрэгтэй хүүхэд сахилгагүй байдаг учраас тэднийг сайн номхруулж байх нь зүйтэй” гэсэн бурангуй хүлээлтээс болж эрэгтэй хүүхдүүдийн сурлагын чанар яаж буурч байгааг харуулсан байдаг.


Энэ талаар философич Мишель Монтень “...Манай сургуулиудад багш нар нэг хичээлийг өөр өөр бүтэцтэй, хэд хэдэн төрлийн оюун ухаануудад заах хэрэгтэй болдог. Хэрэв хичээлийг нэг л янзаар заавал маш олон төрлийн хүүхдүүдээс хичээлийг нь ойлгох хэдхэн л хүүхэд гарч ирэх байх...” гэж 1580 онд бичсэн Хүүхдийн Боловсрол эссэндээ дурджээ.


Тэгэхээр бидний зорьж буй Боловсролын Реформийн нэгэн үндсэн зорилт бол нэг ангид байх олон тооны хүүхдүүдээс багш зөвхөн өөрийн “сайн” хүүхдүүдтэй ажиллаж бусдыг нь хаях биш харин хүүхэд бүрт мэдлэг өгөх тэрхүү нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Үүнийг бид дижитал технологи ашиглах замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа билээ. Мэдээж багш хүүхэд бүртэй тулж ажиллах юм бол маш их цаг хугацаа алдах болно.

Тэгэхээр үүнийг хөнгөвчлөх үүднээс боловсролын зарим контентуудыг дижитал болгох замаар хүүхэд бүр өөр өөрийн хурд, арга барилаар суралцах, мөн багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах боломжийг бүрдүүлэх юм.



Эдийн засагч Өлзийбаярын Ганзориг




264 views
bottom of page