Эрсдэлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, удирдах чадвар зэрэг нь бидний дунд ховор ойлголт гэхэд хилсдэхгүй. Үүнийг олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж үзэж болох ч бага наснаас эхлүүлэн бидний дагаж мөрддөг боловсролын тогтолцооны онцлогтой холбох нь зүйтэй болов уу.
Бага наснаас эхлэн хүүхдүүдэд аливааг цээжлүүлэх системээр л шахдаг. Угтаа юуны тулд, чухам яагаад зэрэг шалтгааныг огт тайлбарладаггүй. Энэ хандлага ч эцэг эхчүүдийн хүүхэддээ эрсдэлийн талаар заах байдал дээр нь яг таг буудаг. Өөрөөр хэлбэл үр дүнгийн ач холбогдлыг орхигдуулан шаардлага л тавиад байдаг. Хүүхэд ч ийм байх ёстой гэсэн хэмнэлээр өсөж боловсордог.
Сайн барилга барихад суурь хамгийн чухал байдагтай адил сайхан амьдралд шаардлагатай хэрэгслүүдийг хүүхэд бага наснаасаа л өөртөө хуримтлуулж эхэлдэг. Тэдний тархи бидний төсөөлдгөөс ч илүү чадвартай юм. Анх хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн асар их мэдээллийг цуглуулж, боловсруулж, ойлгож байдаг. Энэ бол аль нэг насанд гэнэтхэн тогтдог чадвар биш шүү дээ.
Эцэг эхчүүд бид ихэвчлэн хүүхдэд аливааг тайлбарлаж заахад дэндүү эрт, нас нь болоогүй гэдэг бодлоор “болохгүй” л гэдэг шаардлага тавиад хэвшчихсэн нь нууц биш. Бараг төвөгшөөдөг ч тохиолдлууд бишгүй байх. Тэгхээс биш “яагаад халуун зүйлээс болгоомжлох, суудлын бүс зүүх нь аюулгүй сонголт, явган хүний замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох нь чухал” зэрэг учир шалтгааныг тайлбарладаггүй. Хүүхэд болохгүй л гэдгийг ойлгосноос биш яагаад гэдгийг мэдэхгүй учраас нөгөө “болохгүй” руугаа тэмүүлээд эхэлдэг. Жишээ нь л суудлын бүсээ зүүх хэрэгтэй гэдгийг мэддэг авч чухам юунаас хамгаалаад байгаа гэдгийг, зүүхгүй байх ямар эрсдэл учруулж болохыг нь сайтар ойлгодоггүй. Тийм ч учраас тодорхой хугацааны дараа ач холбогдол нь буурсаар хэрэгцээгүй хэвшил мэт санагдах талтай.
Хүүхдэд алхам тутамд эрсдэл учрах магадлалтай. Хохирол гарах нь ч тодорхой, бага уу их үү гэдэгт л байгаа. Ингээд асуудлыг хөндөөд эхлэхэд “муу амлах” гэдэг үгээр бас л төвөгшөөгөөд хаачихдаг. Үүнд эцэг эх бидний хандлага бас нэлээдгүй нөлөөг үзүүлж байгаа нь тодорхой. Бодит байдлыг хүлээн авчхүүхдийн эрсдэлийг харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Үүнийг дагаад өөрсдийн ч эрсдэлийн талаарх боловсролоо зузаатгах шаардлага бий болж байгаа болов уу. Дан ганц “болохгүй” гэдэг үгээр хүүхдийн боловсролыг боолгүйгээр тэдний нас насанд таарсан мэдээллийг зөв зохистой замаар хүргэж байх нь эцэг эх бидний үүрэг, шамдан суралцах бас нэгэн “хичээл” билээ.
Бидний ирээдүйд хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бол хүүхдэд эрсдэлийн талаар системтэй мэдлэг боловсрол олгох явдал. Бага наснаас эхлүүлэн хийж буй ямарваа нэгэн үйлдэл бүр нь өөрийн гэсэн үр дагавартай болохыг, аливаа үйлдэл нь яагаад аюултай гэдгийг, ямар эрсдэлийг дагуулж байгаа зэрэг учир шалтгааныг тайлбарлах нь хамгийн зөв суурь болж өгөх юм.
Иймд, та бүхэн бидний сэтгэлээ шингээж бэлтгэсэн хүүхэд багачуудад эрсдэлийн боловсрол олгоход чиглэсэн “Гүүмби Жүүмби хоёр эрсдэлтэй танилцсан нь ” хичээлийг цаг гарган үр хүүхэдтэйгээ хамтдаа тухлан сонирхоорой. Тэдэнтэй ярилцаж, тайлбарлаж, санаа бодлыг нь сонсож, хамтдаа даалгавруудыг хийж цагийг үр бүтээлтэй өнгрөөх бас нэгэн боломж юм.
Эрүүл, аюулгүй орчинд өсөх эрхийг нь сэвтээхгүй байлгаж чадваас энэ нь бидний ирээдүй болсон хүүхдүүддээ барьж чадах хамгийн том бэлэг юм шүү!
Н.Хүслэн
Comments