top of page

О.Тунгалаг “Хүүхдийн эрүүл мэнд ба хүүхдийн түгээмэл өвчин”

Updated: Jun 9, 2022

Мандал эрсдэлийн сургууль нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэндийн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Манай 6 дахь вебинарын зочноор Зинт клиникийн хүүхдийн эмч, АУ-ы магистр О.Тунгалаг “Хүүхдийн эрүүл мэнд ба хүүхдийн түгээмэл өвчин” сэдвээр сэдвээр ярилцлаа.

Бага насанд түгээмэл тохиолдох өвчлөл


  • Дархлаа тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй, хүүхдийн анатоми, физиологийн онцлог зэргээс шалтгаалан бага насны хүүхэд жилд 6-8 удаа амьсгалын замын вирусийн халдвар, 2 удаа суулгалт өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг.

  • Харин 1 жилд 6 ба түүнээс олон удаа нянгийн голомтот үрэвслээр өвчлөн (хамрын дайврын үрэвсэл 2, дунд чихний үрэвсэл 4, уушгины хатгалгаа 2 ба түүнээс олон удаа хүндрэх) өсөлт хөгжил наснаас хоцрох зэрэг тохиолдолд дархлаа тогтолцооны эмгэг сэжиглэдэг.

Ханиад шуухинаа


Бага насны хүүхэд жилд 6 ба түүнээс олон удаа амьсгалын дээд замын халдвараар өвдөх боломжтой. Амьсгалын замын халдвар үүсгэх 200 гаран төрлийн вирус байна.

Вирусийн халдвар тул Антибиотик эмчилгээг яаран хийхгүй. Нянгийн хоёрдогч халдвараар хавсарсан тохиолдолд эмчийн заавраар эмчилгээг хийнэ.

Эмчилгээ нь:

  • Шинж тэмдгийн эсрэг байна.

  • Халуун намдаана

  • эхний сонголт Ацетоаминофен (Тайленол). Эцэг эхчүүд тунг зөв тааруулах дээр анхаарах хэрэгтэй.

  • Хамар цэвэрлэх- Салин, давсны уусмал

  • Хоргүй зөөлөн эмээр ханиад намдаах- Симпле линктус гэх мэт

  • Гэрийн агаарыг чийгшүүлэх

  • Амраах , унтуулах

  • Шингэн ахиу уулгана.

РС вирусийн халдвар

  • 2-оос доош насны хүүхэд илүү өртөмхий.

  • Ихэнх тохиолдолд амьсгалын замын хөнгөн халдварын шинж тэмдгээр илрэх боловч архаг, суурь өвчтэй, бага сартай, дархлаа дарангуйлагдсан хүүхдэд илүү хүндээр тусч гуурсанцрын үрэвсэл, уушигны хатгалгаагаар хүндэрдэг.

  • АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тооцоолсноор жилд 150,000 хүүхэд энэхүү вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

  • Хэрвээ таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Үүнд:

  • Цээж шуугих, амьсгалын тоо олшрох, амьсгал саадтай болох, унтаарах, уухгүй хөхөхгүй байх, уруул ам хөхрөх.

Розеола

  • 3 өдрийн халууралт

  • 6 сараас 2 нас хүртэлх насны хүүхдэд түгээмэл тохиолдоно.

  • Зарим хөнгөн тохиолдолд шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөх боломжтой.

  • Гэвч ихэнх тохиолдолд хүүхдэд өндөр халуурах нь амьсгалын замын халдварын шинжтэй хавсарч, халуун буусны дараа улаан, жижиг тууралтууд цээж хэсгээс эхлэн нүүр, хэвлий, хүзүү хэсгээр тархана.

  • Хэрвээ шинж тэмдгүүд 7-оос олон хоног үргэлжлэх, халууралт 3-аас олон хоног үргэлжилвэл та хүүхдийн эмчид хандаарай.

Суулгалт өвчин

  • Ихэнх тохиолдолд вирусийн халдвар- рота, нора, аденогэх мэт вирусууд ходоод, гэдэсний замыг үрэвсүүлдэг. 5-аас доош насанд 90% нь вирусийн гаралтай байна.

  • 7-14 хоног үргэлжлэх боломжтой. Өвөрмөц эмчилгээ байхгүй.

  • Энэ хугацаанд шингэн алдалтаас сэргийлэх, шингэн ердийнхөөс ахиу уулгах ба шингэн сэлбэх давсны уусмал уулгана.

  • Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь- Нэг дор их хэмжээгээр шингэн өгөх юм.

  • Үндсэн эмчилгээнд- Шингэн сэлбэх давсны уусмал, цайрын бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөг.

  • Олон улсад BRAT (banana, rice, applesauce, toast) дэглэмээр хооллохыг зөвлөдөг ба эдгээрийг шингээж чадаж байвал энгийн хоолоо үргэлжлүүлэн хэрэглэж болно.

Гар-Хөл- Амын өвчин

  • Коксакивирусийн халдвар зун, намрын цагаар дэгддэг. Хүүхдээс хүүхдэд ахуйн ба амьсгал, өтгөн мөр амны замаар өндөр халдвартай дамжина.

  • Хүүхдийн аманд хөндүүртэй шарх үүсэх ба гар, хөлөөр цэврүүт тууралт гардаг. 7-10 хоног шинж тэмдэг үргэлжлэх боломжтой.

  • Өвчин намдаах, халуун бууруулах зорилгоор парацетамол эсвэл ибупрофен хэрэглэнэ.

  • Шингэн ахиу уулгах ба хэт хүчиллэг хоол хүнс өгөхөөс зайлхийнэ.

  • Амны шархнаас үүдэлтэй шингэн уух, хоол идэхээс татгалзах учир шингэний дутагдалд орохоос сэргийлэх нь чухал юм.

Гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл- Стрептококкын халдвар

  • Нялх, бага сартай хүүхдэд нянгийн гаралтай хоолой залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл маш ховор тохиолдоно.

  • Ахуйн ба амьсгалын замаар дамжих боломжтой.

  • Хоолой өвдөх, энэ нь залгих, ярихад нөлөөлөх, өндөр халуурах, лимфийн булчирхай томрох зэрэг шинж илрэх ба цөөн тохиолдолд хэвлийн өвдөлттэй хавсардаг.

  • Түргэвчилсэн шинжилгээ эсвэл хоолойн арчдаснаас нян ургуулах шинжилгээ хийх боломжтой.

  • Антибиотик эмчилгээг эхэлснээс хойш 24 цагийн дараа бусдад халдвар тараах нь багасдаг.

Томуу

  • Өндөр халууралт, булчин үе мөчөөр өвдөх, толгой, хоолой өвдөх, ханиалгах зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжт илэрдэг.

  • Өвлийн цагаар идэвхжил ихсэх ба шинж тэмдгүүд нь 7 ба түүнээс олон хоног үргэлжилж, уушигны хатгалгаа зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг.

  • Хэрвээ томуу сэжиглэсэн тохиолдолд вирусийн эсрэг эмийг цаг алдалгүй уулгах хэрэгтэй.

  • Томуугийн вакциндаа эрт хамрагдаарай. Вакцин хийлгэснээс хойш 14-28 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно.

Хялгасан хорхойтох өвчин

  • Хэрвээ хүүхдэд анус орчим загатнах, маажих шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

  • Ахуйн ариун цэврийн дэглэм хангалтгүйгээс шалтгаалан хүүхдэд хялгасан хорхойн өвчлөл цөөнгүй тохиолдоно.

  • Өвчилсөн хүүхэд анус орчим загатнахад гараараа маажин, хумс гарт наалдсан хялгасан хорхойн өндөг бусад хүүхдүүдэд халдвар тараахыг зэрэгцээ өөрийгөө дахин өвчлүүлнэ.

  • 2 тун эм уух шаардлагатайгаас гадна ахуйн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй.

Өсвөр үе- Эрүүл мэндийн асуудлууд


ДЭМБ-ийн тогтоосноор 10-19 насыг өсвөр нас гэж нэрлэх ба бие бялдар, сэтгэл зүйн олон өөрчлөлтийг даван туулж, хүүхдээс том хүн болж шилжих амьдралын онцгой үе юм.

Өсвөр насны үе шатууд :

  1. Өсвөр насны эхэн үе 10-13 нас

  2. Дунд үе 14-16 нас

  3. Сүүл үе 17-19 нас гэж ангилдаг.

Таргалалт ба жингийн илүүдэл


  • Орчин үеийн амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан таргалалт, жингийн илүүдэл ихэссэн. Бага ангийн 4 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин эсвэл таргалалттай байна.

  • Үр дагавар: Насанд хүрэх үеийн ихэнх халдварт бус өвчин, чихрийн шижин, зүрх судас, бодисын солилцооны эмгэг үүсэхэд голлон нөлөөлөх хүчин зүйл болдог.

Цочмог ба архаг өвчин

  • Өсвөр насныханд эрхтэн тогтолцооны бүтцийн өвчин эмгэгээс гадна үйл ажиллагааны гаралтай зовуурь (толгой өвдөх, охидод хэвлийн доод хэсгээр өвдөх, зүрх чээжээр өвдөх, удаан хугацаанд ядарч сульдах г.м) түгээмэл ба энэ нь амьдралын чанар, хэвийн суралцахад ихээр нөлөөлдөг.

  • Мөн нойрны эмгэгүүд цөөнгүй тохиолддог.

Сэтгэл зүйн асуудлууд


Өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудал, өвчин эмгэгтэй гэж үздэг.

Түгээмэл тохиолдох:

  • Сэтгэл гутрал

  • Сэтгэл түгших эмгэг

  • Зан төрхийн өөрчлөлт

  • Архи, мансууруулах бодисын хэрэглээ, эрсдэлт зан үйл гэх мэт болно.

Хүүхдийн эмч нь эдгээр сэтгэл зүйн эмгэг, асуудлыг илрүүлж, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэн, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид холбож өгөх чадвартай байх хэрэгтэй.


Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд


  • Охидын сарын тэмдэг тойрсон зовуурь, асуудлууд элбэг.

  • Шинээр бүртгэгдэж буй БЗДХ-ын 50% орчим нь 15-24 насныхны дунд байдаг.

  • МУ-д өсвөр насны охидын жирэмслэлт: 15-19 насны 1000 охид дунд 30.8 байна.

  • Өсвөр насны хүүхдүүд нөхөн үржихүйн талаарх мэдээллийг ихэвчлэн найз нөхөд, үе тэнгийнхэн эсвэл цахим орчиноос авдаг. Гэвч мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох нь маш чухал.

  • Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй харилцах хэрэгтэй.


Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Эрүүл хооллолт- 6 сар хүртэл хөхөөр дагнан хооллох, жимс, ногоо 5 порц (хоолны тал), сүү сүүн бүтээгдэхүүн ахиу хэрэглэх, төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

  • Эрүүл, чанартай хоол хүнснээс илүү ямар ч “дархлаа дэмжих” нэртэй нэмэлт бүтээгдэхүүнүүд нь таны хүүхдийн дархлааг дэмжиж чадахгүй.

  • Хэрвээ хоолны дуршил сайнгүй, цөөн төрлийн хүнс хэрэглэдэг, мах махан бүтээгдэхүүн иддэггүй бол- Төмөр агуулсан олон найрлагат витамин хэрэглэхийг зөвлөдөг тул энэ тохиолдолд та хүүхдийн эмчдээ хандаарай.

  • Мөн 6 сараас бага настай хүүхдэд өдөр тутам Д витамин, 6-аас дээш сартай хүүхдэд А,Д витаминыг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.

  • Өсвөр насанд өсөлтийн хоёрдогч үсрэнгүй үе эхэлдэг тул хоол тэжээлийн эрэлт хэрэгцээ нь ихсэж байдаг тул мэргэжлийн эмч, хоол зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Нойр

  • Хүүхдийн наснаас шалтгаалан нойрны хэрэгцээ янз бүр байна.

  • Өсвөр насны хүүхдэд- 22 цагаас унтах, унтахаас 2 цагийн өмнө бүх цахим төхөөрөмжийг унраахыг зөвлөдөг.

  • Хангалттай, чанартай нойр нь дархлаа дэмжихээс гадна, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Дасгал хөдөлгөөн

  • Хүүхэд өдөрт 12000 орчим алхам хийдэг.

  • Өдөрт тутам 30-60 минут дасгал хөдөлгөөн хийх (энэ нь 3300-7000 алхамтай тэнцдэг) ба 7 хоногт хамгийн багадаа 5 цагаас багагүй хугацаанд дасгал хөдөлгөөн хийн хөдөлгөөний дутагдлаас сэргийлээрэй.

Стресс бууруулах, сэтгэл санааг тайвал байлгах

  • Сэтгэл зүйн хувьд тайван бус, стресс, бухимдал, сэтгэл гутрал, түгшил зэрэг нь дархлаа сулруулж өвчинд өртөмтгий болоход нөлөөлдөг.

  • Хүүхэд дуртай зүйлсээ хийх, тоглох боломж, цаг олгох, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх зэрэг дээр анхаараарай.

  • Хүүхдээс юунаас айдаг, санаа зовдог талаар нь нээлттэй харьцаж, асууж, ярилцаж хэвшээрэй.

Ахуйн ариун цэврийн дэглэм

  • Гэрийн гишүүн бүр гараа тогтмол угаах, ариутгах

  • Гэрээс бусад газар амны хаалт тогтмол зүүх

  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, хүн хоорондын зай барих

  • Ханиах, найтайхдаа бугалганы дотор талд найтайх зэрэг амьсгалын замын халдвараас урьчдчилан сэргийлэх дэглэмүүдийг барьж заншаарай.

  • Энэ нь зөвхөн КОВИД-19-ын үед ч бус томуу, томуу төст бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдах

  • Дархлаажуулалтад товлолын дагуу бүрэн хамрагдах хэрэгтэй.

  • Томуугийн вакцинд 6-аас дээш сартай хүүхдүүдийг хамрагдахыг зөвлөж байна.

  • Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтээр товлолт вакцинд хамрагдах хувь тодорхой хэмжээгээр буурч байгаатай холбоотой зарим төрлийн өвчин (улаан бурхан) эргэн дэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулж байгаа.

Мөн Америкийн хүүхдийн эмч нарын холбоо болон бусад эрдэмтдийн зөвлөснөөр хүүхэд аль болох олон төрлийн ногоо, жимс хэрэглэх шаардлагатай байдаг. Та илүү дэлгэрэнгүй.....


Mandal risk school группээс О.Тунгалаг эмчийн вебинарын бичлэгийг бүрэн үзэж сонирхолтой олон асуултын хариултыг авах боломжтой юм.



1,519 views
bottom of page