top of page
Mandal Risk school

Түүхийн хичээлийг хэрхэн заах ёстой вэ?

Updated: Aug 10, 2022


Боловсролын реформ гэж юу вэ?

Монгол улсын ирээдүйг бидний үр хүүхдүүд аварна гэдэгтэй эцэг эх та бүгд санал нийлж байгаа биз ээ. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын систем Дэлхийн төвшний хүмүүс бэлтгэн гаргах чадвартай байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Боловсролын реформын гол зорилго бол Дэлхийн төвшний БОЛОВСРОЛЫН СИСТЕМ бий болгох явдал юм. Мэдээж Дэлхийн төвшний системээс л Дэлхийн төвшинд өрсөлдөх хүмүүс төрж гарна шүү дээ!!! Олон эцэг эхчүүд асууж байна. За тэгвэл одоогийн систем ямар реформ хийх юм бэ? гэж. Энэ талаар эртний философичид юу гэж хэлсэн талаар хамтдаа үзэцгээе.


Michel de Montaigne (1533-1592) бол түүхэн дэх хамгийн нэртэй филсофичдийн нэг билээ. Тэрээр 1580 онд "Хүүхдийн боловсрол" нэртэй эссэгээ бичсэн байдаг. Энэ эссэндээ тэрээр боловсролын систем, хүүхдийг сургаж, боловсруулах асуудлыг нарийн хөндөж бичсэн юм.


Ингээд өнөөдөр Түүхийн хичээлийг хүүхдэд яаж заах ёстой? түүхийн хичээл ямар ач холбогдолтой болох талаар орчуулж сийрүүлье.

"....Түүхээр дамжуулж хүүхэд маань бүх цаг үеийн хамгийн агуу сэтгэгч нартай оюун ухаанаараа холбогдох боломжтой болно. Хэрэв багш үнэхээр ийм холбоос бий болгож чадвал түүхийн хичээлийн ач холбогдол хэмжээлшгүй их юм. Платогийн бичсэнээр Спартачуудын хувьд цорын ганц ач холбогдолтой хичээл бол түүхийн хичээл байжээ. Түүхийн багш хүн сурагчдаа Ханнибал ба Скипиогийн мөн чанарыг ойлгуулах ёстой болохоос биш Карфаген хэдэн онд сүйрсэн бэ? гэдгийг заах учиргүй гэдгийг хатуу санах ёстой. Яг үүнтэй адилаар Марселлус хаана үхсэн нь сонин биш харин түүний үхэл ямар хамаатай вэ? гэдгийг л сурагчид ойлгуулах хэрэгтэй. Багш хүн сурагчдаа түүхийн фактууд заахаас илүүтэй түүхийг хэрхэн үнэлж, дүгнэх вэ? гэдгийг сургах нь зүйтэй... Түүхийн хичээл зарим хүмүүсийн хувьд зүгээр цээжлэлтийн хичээл байдаг бол, бусдынх нь хувьд философийн арга яс болж өгдөг ба бидний мөн чанарын хамгийн нууцлагдмал хэсгүүдийг ил болгодог хичээл мөн..."

Дунд сургуульд философийг заагаагүйгээс өнөөдөр Монгол улс ёс суртахуун, шударга ёсны доголдолд орж байна гэж өмнө нь намайг бичихэд хүмүүс буруугаар ойлгож "Хүүхдийн философийг ойлгох чадваргүй" гэж маргаж байсныг санаж байна. Энд философич Монтен бидний маргааныг сайхан хагалж өгсөн байна. Түүний санаагаар бол философийг (Зөв ба буруу, шударга ёс, зарчим, ёс суртахуун) түүхийн хичээлээр дамжуулж олгох ёстой аж. Би ч мөн адилхан саналтай байгаа. Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 1 сартай хүүхдэд аль хэдийн шударга ба шударга бус үйл явдлын тухай мэдрэмж суусан байдаг аж. Гэтэл бид хүүхдүүдээ 25 нас хүртэл нь философи заахгүй хүлээх тухай бодоод сууж болох уу?


Боловсролын реформ хийгдсэнээр Түүхийн хичээл бүхэлдээ өөрчлөгдөнө.Түүхийн хичээл дээр Чингис хаан хэдэн онд төрж, хэдэн онд нас барсныг цээжлэж онц дүн авах биш. Харин Чингис хааны мөн чанар, зорилго чиглэл, философи юу байсныг судлах болно.


Ингэснээр хүүхдүүд өөрийн үлгэр дуурайлал, зөв ба буруугийнүнэлэмжийг түүхэн баатрууд дундаас өөрсдөө хайж олох юм. Боловсролын реформ хийснээр бидний мэдэх боловсролын систем нийтдээ 500 гаруй өөрчлөлт хийгдэнэ. Тэдгээрийн зөвхөн нэгийг өнөөдөр танд танилцууллаа.


Эдийн засагч Өлзийбаярын Ганзориг


722 views
bottom of page