top of page
Mandal Risk school

Б. Ууганцэцэг сэтгэл зүйчийн онцлох зөвлөмж

Updated: Oct 27, 2021

“Мандал Эрсдэлийн Сургууль” нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Бидний хоёр дах дугаарын зочноор Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б. Ууганцэцэг оролцож 0-6 насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн талаарх нийтлэг асуудлуудын талаар ярилцлаа. Ингээд бид та бүхэнд сэтгэл зүйчийн өгсөн онцлох зөвлөмжүүдийг хүргэж байна.



Хүүхэд төрсөн цагаас эхлэн сургуульд орох хүртэлх хугацаанд сэтгэл зүйн хувьд ямар хэрэгцээг хангаж байгаа гэдгээс шалтгаалан гурван бүлэгт хувааж болно.


· Орчиндоо итгэх ба үл итгэх мэдрэмжийн үе буюу төрснөөс хойш 1 нас хүртэлх

· Бие даах мэдрэмжийн үе буюу 1-3нас хүртэлх

· Санаачлаг ба буруугийн мэдрэмжийн үе буюу 3-6 нас хүртэлх


Орчиндоо итгэх ба үл итгэх мэдрэмжийн үе (0-1 нас)


Энэхүү үе нь 0-1 нас буюу төрснөөс хойших 12 сарын хугацаанд явагдана. Илүү өөртөө итгэлтэй, орчиндоо болон бусад хүмүүст итгэдэг хувь хүнийг төлөвшүүлэхийг хүсвэл энэ хугацаанд эцэг эхчүүд мань хичээх хэрэгтэй болно. Үүний тулд хүүхдийн энгийн биологийн хэрэгцээг хангаж, өөртөө ойрхон байдлаар халамжилж, хайрлах харилцааг үүсгэх нь чухал. Тухайлбал, хүүхдээ авдаг, элгэндээ наадаг, бүүвээлдэг, уйлах үед нь аргадах, тогтмол хооллох, хуурайлах, усанд оруулах, агаарт гаргах зэрэг үйлдлүүд нь хүүхдэд тайван, тухтай, аюулгүй мэдрэмжийг өгч байдаг. Энэ нь эргээд хүүхдийг орчиндоо итгэдэг бие хүн болоход эерэг нөлөө үзүүлнэ.


Аав ээжүүдэд эргэн тойрныхон, гэр бүлээс нь хүүхдээ байнга тэврэхгүй байх зөвлөгөө ирдэг. Хэдийгээр энэ нь ээж аав нарын ачааллыг харгалзсан тэдэнд тустай байлгах үүднээс хэлж буй мэт боловч өсөлтийн энэ үед хүүхдэд ойр байх нь илүү чухал гэдгийг ойлгох нь зөв юм. Тэгэхээр ээж аавууд мань хүүхэд төрснөөс хойших 12 сарын хугацаанд хүүхдэд тулгарч буй хэрэгцээг нь шийдвэрлэснээр дараа дараагийн хөгжлийн үечлэлд бэлтгэж, тайван, орчиндоо итгэдэг бие хүнийг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Эсрэгээрээ энэ үед нь хэрэгцээг нь хангаж чадахгүй, хүүхдийг тухгүй байлгах нь хүнд итгэлгүй, бүрэг хүүхдийг бүрдүүлэх эрсдэлийг үүсгэдэг гэдгийг эцэг эхчүүд мань сайн ойлгоосой гэж хүсэж байна.


Бие даах мэдрэмжийн үе (1-3 нас)


Сэтгэл зүйн хөгжлийн өмнөх үечлэл дээр хэрэгцээгээ бүрэн авсан хүүхэд мань 1-3 насандаа бие даах мэдрэмжтэй болдог. Харин орчиндоо итгээгүй байсан хүүхэд мань өөртөө эргэлздэг, эмээсэн мэдрэмж давамгайлсан хүүхэд болох хандлагатай.


Энэ хугацаанд хүүхдийн хөгжлийн ямар үйл явцууд явагддаг гэдгийг таньж мэдэх нь зүйтэй. Хүүхэд нэг настайгаасаа эхлээд өөрийгөө хүн гэдгийг мэдэрч байдаг. Тодруулбал, би ийм газар амьдардаг, миний гэр бүлийнхэн ийм хүмүүс байдаг, ийм дуу хоолойтой гэдгийг бүрэн ойлгодог. Харин гурван наснаас эхлэн хүйсийн ялгал нь мэдрэгдэх, хэл ярианы хөгжлийн хувьд тодорхой хэмжээгээр хөгжсөн буюу бүтэн өгүүлбэрээр өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвартай байна.


Иймд, эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг биеэ даасан байдалтай болох боломжоор хангах нь чухал. Хувцсаа сонгох, өөрөө өмсөх, тайлах үед эвхэх, тоглоомоо хураах зэрэг дадлуудыг суулгах боломжтой гэж үздэг. Тиймээс эдгээр үйлдлийг хүүхдээр хийлгэх, зааж өгөх, тэдэнд туслах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүүхэдтэйгээ маш идэвхтэй ярих, асуултуудад нь хариулах зэрэг нь тэдний дараагийн үеийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж өгдөг гэдгийг ойлгох нь зүйтэй.


Санаачлаг буюу буруугийн мэдрэмжийн үе (3-6 нас)


Хэрэв таны хүүхэд 0-1 насандаа орчиндоо итгэсэн, 1-3 насандаа бие даах мэдрэмжтэй байсан бол 3-6 насандаа илүү санаачлагтай байна. Тухайлбал, гэрийн ажилд оролцох, өөрийн хувцсыг хураах гэх мэтчилэн. Эцэг эхийн зүгээс эдгээр санаачлагыг сайн дэмжиж зөв чиглүүлэх хэрэгтэй бөгөөд ингэж чадсанаар хөдөлмөрт дуртай хүн болох боломжоор хангаж байдаг. Мэдээж энэ насан дээрээ хүүхэд бүх зүйлийг сайн гүйцэтгэж чадахгүй, алдаа гаргах тохиолдлууд гарна. Энэ үед ээж аав нар мань илүү тайвнаар зааж хүүхдэд сонирхох, туршилт хийх боломжийг олгох нь чухал үйл явц юм.


Учир нь санаачлагын үе дээр нь хүүхдийн сонирхлыг дарах, хязгаарлах тохиолдолд сургуульд орсны дараагаар бүтээлч байдалгүй, ямарваа нэг зүйл хийхээс эмээдэг, өгөгдсөн даалгаврыг хийж чадахгүй, саначлага гаргахаас айдаг байх зэрэг хандлага ажиглагддаг.


Эдгээр хөгжлийн үечлэлүүд нь өөр хоорондоо холбоотой тул дээр дурдагдсан онцлогууд дээр тулгуурлан ажиллах шаардлагатай. Иймд 0-6 насны хүүхэдтэй ээж аавууд мань хүмүүжлийн эерэг хандлагыг сонгох нь чухал. Хүмүүжлийн эерэг хандлага гэдэг мань харилцаанд тулгуурласан арга буюу хүүхдийг загнахгүй, зандрахгүй, орилохгүй, зодохгүй байх энгийн харилцааны аргыг хэлж байгаа юм.


Монголчуудын дунд байдаг хүүхдийг хашраах уламжлалт хандлага байдаг. Энэ нь орчин үеийн хүүхдүүдэд эерэг хандлага болохоосоо илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлдэг тул хүүхэдтэйгээ зөвлөсөн, асуусан, хариулсан байдлаар хандахыг зөвлөж байна.


Үүний зэрэгцээ эцэг эхчүүд ажлын ачаалал, гэр бүл дэх нөхцөл байдал зэргээс хамааран хүүхдэдээ төдийлөн чанартай цаг гаргаж чаддаггүй. Гол төлөв дараа хэлье, зав гарахаараа ярилцъя гэдэг хариултуудыг хүүхдэдээ маш их хэлдэг. Харин хүүхэд эдгээрийг маш их хүлээж байдаг учир та тэдэнд ямар нэгэн хүлээлтийг өгсөн бол үүндээ хүрэхийг хичээж байгаарай. Үнэхээр хичээгээд ч боломж гарахгүй байгаа бол хүүхдээс уучлалт гуйх, яагаад амжихгүй байгаа шалтгааныг тайлбарлаж, боломж гарсан даруйдаа хэлсэндээ заавал хүрэх болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүлээлт нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, хоосон зайг бий болгож байдаг. Энэ нь эргээд өсвөр насандаа эрсдэлтэй байдлыг бий болгох магадлалтай байдаг учир хүүхдэдээ бага ч гэсэн чанартай цагийг зориулж ярилцаж байхыг зөвлөе.


Монгол ээж аавуудын дунд хүүхдэдээ хэр зэрэг чанартай цаг гаргадаг талаарх судалгаа хийгдсэн байдаг. Үр дүнд нь нэг гэр бүл дунджаар 20-25 минутыг өдөртөө гаргаж байгаа гэдгийг тодорхойлсон бөгөөд энэ нь маш чамлалттай гэж ойлгож болно. Иймд, дор хаяж 40-60 минутыг хүүхдийнхээ хүмүүжилд, хамт тоглоход, ярилцахад зарцуулж байгаарай.


Хүүхэд бол насанд хүрэгчдийн тусгал байдаг. Хүн бүр өөрийн хүүхдийг амжилттай, сайн хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг. Харин үүнд нөлөөлөх чухал хүчин зүйлсийг бид төрсөн анхны өдрөөс эхлэн хүүхдэд олгож байдаг гэдгийг мартаж болохгүй.


PS: Вебинарын хүрээнд сэтгэл зүйч Б. Ууганцэцэг мань эцэг эхчүүдэд нийтлэг тохиолддог хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн асуудлын талаарх өгсөн эдгээр болон бусад чухал зөвлөмжүүдийн дэлгэрэнгүйг та https://www.facebook.com/groups/mandalschool холбоос дээр дарж хүлээн аваарай.



1,923 views

Comments


bottom of page