#Монголын_боловсролын_систем нь 1850-иад онд Англи улсад үүсээд #ЦЭЭЖЛЭЛТ дээр суурилсан боловсролын систем билээ. Тийм ч учраас энэ боловсролын системээс Дэлхийд өрсөлдөхүйц хүүхдүүд бэлтгэгдэн гарч чадахгүй байгаа юм.
Энэ талаар Монголын ард түмэн “сургуульд онц сурлаа гээд яахав дээ, амьдрал дээр гарч л жинхэнээр нь сурдаг шүү дээ” гэж дээр дооргүй ярьдгийг бид аль хэдийн мэдэх билээ.
Орчин үед эрдэмтэд олон төрлөөр судалж үзээд суралцах хамгийн үр дүнтэй арга бол #БИЕ_ДААН_ХИЙХ юм гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл, цээжлэх замаар онц сурсан, цээжлэх замаар олимпиадын аварга болсон хүүхдүүд амьдралд бүрэн бэлтгэгдэж чадахгүй.
Мөн зарим хүүхдүүд анхнаасаа энэ цээжлэлт дээр суурилсан буруу сургалтын системийг сэтгэлзүй, оюун ухааны хувьд хүлээж авч чаддаггүй. Тийм ч учраас гэртээ, хүмүүсийн дунд, гудманд хачин сэргэлэн, авьяастай хүүхэд сургуульд очихоороо гэнэт ёс бусаар МУУ СУРЛАГАТАН болж хувирдаг.
Энэ талаар философич Michel de Montaigne (1533-1592) юу гэж бичсэнийг үзье.
“...Манай үеийн шилдэг бүжигчид болох Палучи ба Помпи нар биднийг босголгүй суулгаж байгаад зөвхөн бүжиглэж үзүүлэх замаар бүжиг заана гэвэл юу болох вэ? Үүнийхээ дараа биднийг бүжиг хийлгэхгүйгээр бидэнд дүн тавина гэвэл яах вэ? Энэ нь бид морь унаж үзэлгүйгээр морь унаж сурах, дуулж үзэлгүйгээр дуулж сурахтай адил тэнэг хэрэг. Тийм учраас хүүхдүүд маань зөв бодож, зөв сэтгэж, зөв шийдвэр гаргах үйлдлийг хийхгүйгээр хэзээ ч ингэж сурахгүй ээ..." гэж бичсэн байдаг. /Хүүхдийн Боловсролын Эссе, 1580 он/
Би санаж байна. Бид химийн хичээл дээрээ нэг ч химийн бодис, урвалжгүйгээр зөвхөн дэвтэр дээр олон янзын урвал явуулдаг байлаа. Дараа нь цээжилсэн урвалуудаа шалгуулснаар химийн хичээл дээрээ онц авдаг байлаа.
Хийж буй химийн урвалуудаа хэзээ ч нүдээрээ хараагүй боловч цаасан дээр хийсээр олимпиадад түрүүлж медаль авсан хүүхэд хими мэддэг гэсэн үг үү? Үгүй юу?
Нэгэнт шинжлэх ухааны судалгаагаар хүүхэд хийж байж л үр дүнтэй сурдаг нь нотлогдсон тул Математик, Хими, Физик, Биологи зэрэг хичээлүүдийг бид бодит ертөнц дээр, амьдралын хэрэглэгдэхүүн дээр авчирч тавих замаар хүүхдүүдээ БОДИТОЙ, ҮНЭН мэдлэгтэй хүмүүс болгож өсгөнө.
Comments