Хүн хорвоод ээж аав болж мэндэлдэггүй. Эцэг эх байх ур чадварт хүн бүр анхны хүүхдээ өлгийдөн авах мөчид суралцаж л эхэлдэг.
Гэр бүлийн хүмүүжил нь хүүхдийн зан араншин, ертөнцөд хандах хандлага зэргийг тодорхойлдог чухал хүчин зүйл. Хүн бүрийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ондоо байдаг ч эдгээрийг үндсэн дөрвөн загварт ангилж болох юм.
Гэр бүл дэх хүмүүжлийн (харилцааны) хэв маяг нь хүүхдийн төлөвшил, нийгмийн амьдралд бэлтгэх нөхцөлийг хангадаг хувийн хандлага, үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлсийн чиг хандлагыг багтаах цогц ойлголт юм. Үндсэндээ хүүхдэд эцэг эхийн үзүүлэх нөлөөг давамгайлдаг гэж үздэг боловч гэр бүлийн гишүүдийн аль нь мөн хэрхэн давамгайлж байгаа, гэр бүлийн аль нэг гишүүний хүүхдэд үзүүлэх нөлөөллийн ач холбогдлыг харгалзан үзэх шаардлагатай.
Хүүхдийн төлөвшил нь зөвхөн насанд хүрэгчдийн нөлөөллийн үр дүн байдаг төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийн зан байдлын нөлөөллийн үр дүн байдаг. Хүүхэд мөн эцэг эхийнхээ хүлээн зөвшөөрөөгүй зан үйлийн хэлбэр, бусдад болон өөртөө хандах хандлагыг шингээн авдаг.
Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн талаас нөлөөлөх хүчин зүйлс:
· Гэр бүлийн бүтэц (хүүхдүүдийн төрсөн дараалал, гэр бүлийн гишүүд)
· Хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэхүйн хүрээг хөгжүүлэх (гэр бүлд)
· Хүүхдийн оюун ухааны хөгжил
· Гэр бүлийн гишүүдийн ёс суртахууны болон оюун санааны хөгжлийн түвшин, итгэлцлийн уур амьсгал, харилцааны соёл
· Хүүхдийн гэр бүл дэх байр суурь (гэр бүлийн бүрэн бүтэн байдлаас хамаарах түүний үүрэг : ах, эгч, эмээ, өвөө г.м.)
· Гэр бүл дэх бүтээлч байдал
Захиргаадалтын хүмүүжлийн загвар
Ийм төрлийн хүмүүжлийн загвараар хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг эхчүүдийн гэр бүл дэх байр суурь өндөр бөгөөд бүх зүйлийг тогтоосон дэг жаягийн дагуу байлгахыг хүсдэг. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийн бие даах боломжийг хязгаарлаж, ямар нэгэн тайлбаргүйгээр шаардлага тавьдаг бөгөөд, хэт их хяналттай байдаг байна. Хэрэв хүүхэд тогтоосон дэгийг бага ч болов зөрвөл хатуу шийтгэл амсана. Захиргаадалтын загвараар хүмүүжсэн хүүхэд эцэг эхтэйгээ дотно байх нь ховор байдаг бөгөөд энэ нь хардалт, байнгын сонор сэрэмж, бусадтай дайсагналцахад хүргэдэг байна.
Гэр бүлд түлхүү дараах шинжүүд ажиглагдана:
· Ярилцаж, зөвшилцөлд хүрэх боломж багатай, хатуу сахилга баттай. Шийтгэл маш нийтлэг тохиолдоно
· Харилцаа ганцхан эцэг эхээс хүүхэд рүү чиглэлтэй байна. Тогтоож буй сахилга батын учир шалтгааныг огт тайлбарладаггүй
· хэт хяналтдаа байлгахыг халамжийн нэг хэлбэр гэж ойлгох тохиолдол байдаг ч үнэн хэрэгтээ хүүхдэд анхаарал бага байдаг
· Хүүхдээс хүлээлт өндөртэй байдаг ч тэдэнд зорилгодоо хүрэх уян хатан нөхцөл байдаггүй
Нөлөөтэй хүмүүжлийн загвар
Гэр бүлд эцэг эх чухал байр суурийг эзлэх хэдий ч хүүхдийн насны онцлогт тохируулан хувийн хариуцлага, сахилга баттай, бие даасан байдлыг хөгжүүлэхийг дэмжиж санал бодлыг нь хуваалцаж шийдвэр гаргалтад оролцоотой байлгадаг.
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавьдаг хэдий үүний ач холбогдол, үр дүнг тайлбарладаг бөгөөд хүүдийн хэрэгцээг мэдэрч тэдэнд туслахыг хичээдэг байна. Үүний зэрэгцээ эцэг эхчүүд тууштай, шударга байдалд анхаарал тавьж, сахилга батыг сахих нь нийгмийн зөв, хариуцлагатай зан төлөвийг бүрдүүлдэг гэдгийг хүүхдэд чухалчлан суурьшуулж өгдөг.
Хүлцэнгүй загварын хүмүүжил
Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдэд хүссэн бүх зүйлээ хийх эрхийг олгодог бөгөөд гэр бүлийн гэхээсээ илүүтэйгээр найзууд шиг байдаг. Зан төлөвийн хувьд дураараа, хувиа хичээсэн болох хандлагатай. Учир нь эцэг эхийн зүгээс хүүхдийг чиглүүлэх чадвар дутмаг эсвэл хангалттай хэмжээний хариуцлагатай байдлаар хүүхдийн хүмүүжилд ханддаггүй байна.
Нас ахих тусам уг загварын гэр бүлд өссөн хүүхдүүд өөрийн хангалттай нөлөө үзүүлж, удирдаж чадахгүй байгаа хүмүүстэй холбоо тогтоож чаддаггүй, хариуцлага хүлээх чадваргүй болох хандлагатай байдаг. Нөгөө талаас эцэг эх хүүхдэд хэт их эрх чөлөө олгож, аливаа нэг асуудлыг бие даан шийдвэрлэхээр орхигдуулдаг тул хайхрамжгүй, тэднийг үл тоосон гэдэг үүднээс хүлээн авч айдас, үл итгэлцлийг хүчтэй мэдэрдэг байна.
Энэ байдал нь хүүхдэд цаашид бие даасан шийдвэр гаргах, хариуцлагатай байх төлөвийг суулгадаггүй тул нийгмийн харилцааны хувьд бүрэг, хязгаарлагдмал болох магадлалтай.
Эцэг эхийн зүгээс хүүхдэд ирэх хүлээлт харьцангуй бага байдаг, зарим тохиолдолд огт байдаггүй гэхэд болно.
Үл хайхарсан загварын хүмүүжил
Гэр бүлд хүүхэд хүмүүжүүлэх нэгдсэн нэг арга барил байхгүй, эцэг эхийн зүгээс хүүхдэд чиглэсэн тодорхой шаардлага, халамж, ойлголцол байдаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө өөртөө эцэг эхийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно.
Ийм загварын хүмүүжилтэй хүүхэд ихэвчлэн амьдралд, хүрээлэн буй орчинд сэтгэл дундуур байдаг бөгөөд эцэг эхийн тодорхой бус байдал нь хүүхдэд сэтгэл түгшүүр, түрэмгий байдал, нийгмийн зохистой бус харилцааг суурьшуулах төлөвтэй байна.
Энэхүү хүмүүжлийн хэв маяг нь хүүхэд өөрийгөө хянах чадваргүй, хариуцлагын мэдрэмж төлөвшөөгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж маш муу байдаг.
Хэт анхаарал
Үндсэн хүмүүжлийн дөрвөн загварт хамаардаггүй ч энэ төрлийн асран хамгаалагч нар байдаг байна. Хүүхдийн дэргэд хором бүрд байх эрмэлзэлтэй бөгөөд, түүнд тулгарч буй бүх асуудлыг өмнөөс нь шийдвэрлэх хүсэлтэй байдаг. Хэт их санаа зовдог тул хүүхдийг өөрийн амьдралаар амьдрах боломж олгодоггүй. Ийм төрлийн гэр бүлд өссөн хүүхэд бие даах чадваргүй, би төвтэй, сэтгэлийн түгшүүртэй, унхиагүй зэрэг зан төлөвтэй болох магадлалтай.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжлийн зөвхөн нэг загварт харьяалагдах тохиолдолд ховор байдаг. Дээр дурдагдсан үндсэн дөрвөн загвар бүр өөрийн гэсэн учир дутагдалтай байх тул хүүхдийнхээ онцлогийг харгалзан хослуулан хэрэгжүүлэх нь ирээдүйд гарах сөрөг үр дагаврын нөлөөг багасгах юм. Хүн өсөж том болохын хэрээр нийгмийн харилцаанд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг. Хүмүүжлийн нэгэн чухал үүрэг бол нийгэмд ёс суртахууны ойлголттой, эерэг бие хүнийг бүтээж өгөх юм. Энэ нь эцэг эхийн зүгээс өөрийн хүүхдэд болон нийгэмдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг гэдгийг мартаж болохгүй.
Харин та ямар төрлийн эцэг эх гэж өөрийгөө бодож байна вэ?
Хариулт нь ямар ч байсан таныг өөрийнхөө хамгийн сайнаар хичээж байгаа гэдэгт итгэлтэй байна. “Мандал эрсдэлийн сургууль”-иас танд багахан тус хүргэхийг эрмэлзэн хүүхдийг тань эрсдэлийг таньж, түүнийг удирдаж чаддаг хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах онлайн эрсдэлийн хичээлүүдийг бэлтгэсэн юм.
Та https://www.mandalschool.mn/ холбоос дээр дарж “Гүүмби Жүүмби эрсдэлтэй танилцсан нь” онлайн хичээлдээ хамрагдаж хүүхдийнхээ эрсдэлийн боловсролд хөрөнгө оруулалт хийгээрэй.
Comments