top of page

Өсвөр үе яагаад хамгийн хүнд байдаг вэ?

Updated: Jun 9, 2022

Өсвөр насанд хүүхдийн бие махбодод гарах өөрчлөлтүүд нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг тул ааш авирын хувьд их тогтворгүй болдог. Энэ үед эцэг эх болон хүүхдийн хооронд үл ойлголцол үүсэх, цаашлаад хөндийрөх, харилцаанд сэв суух эрсдэлтэй байдаг.

Бид уг нийтлэлээрээ өсвөр насанд хүүхдийн бие махбод болоод сэтгэл зүйн хувьд чухам ямар өөрчлөлтүүд явагддаг талаарх мэдээллийг хүргэхээр зорилоо. Аливаа асуудлын учир шалтгааныг мэдэж чадваас шийдэл олох илүү дөт замыг зааж өгдөг шүү дээ.





Тархины хөгжлийн тухайд


Охидын хувьд 11, хөвгүүдийн хувьд 14 нас хүрэхэд тархины хэмжээ насанд хүрэгчидтэй ижил болсон байна. Хэмжээний хувьд дахин нэмэгдэхгүй ч 25 нас хүртэл тархины хөгжил явагддаг гэж үздэг бөгөөд энэ нь бие махбодод явагдах амаргүй өөрчлөлтүүдийг нэг аж. Өсвөр насанд тархины голлох үүргүүдийг хариуцах хэсгүүд бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг. Нэг жишээ дурдахад тархины урд хэсгийн хөгжил явагдсаар байна. Тархины энэ хэсэг нь бодож сэтгэх, өөрийн үйлдлийн үр дагаврыг тооцоолох, төлөвлөх зэрэг чухал үүргүүдийг хариуцдаг. Ийм ч учраас өсвөр насныхан эрсдэлт зан үйлд өртөмтгий байдаг гэж хэлж болох юм.


Бэлгийн бойжилтын тухайд


Бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүд 10 наснаас эхэлнэ. Энэ үед хөхний булчирхай томрох, суга, умдаг зэрэг хэсгийн үс ургах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Өсвөр насны дунд үе нь бэлгийн бойжилтын хамгийн оргил үе байдаг. Тодруулбал, энэ үед бөөрний дээд булчирхайгаас бөөрний дээд булчирхайн дааврууд маш ихээр ялгардаг. Бидний мэдэх өсвөр үеийн нийтлэг шинжүүд болох батгашилт, үс ургах, их хэмжээгээр хөлрөх зэрэг нь үүнээс үүдэлтэй аж.


Түүнчлэн охидын хувьд бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүд илэрснээс хойш 2-2.5 жилийн дараагаар анхны сарын тэмдэг буюу менархе ирж эхэлдэг. Өсвөр насанд охидын сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй байх нь хэвийн юм. Учир нь сарын тэмдэг ирсний дараах эхний хоёр жил бэлгийн булчирхайн тэнхлэг бүрэн хөгжиж амжаагүй байдаг аж. Харин бэлгийн бойжилт нь өнчин тархи болон бэлгийн булчирхайн тэнхлэгийн идэвхжлийн дагуу удирдагдана.

Анхаарах: Хэрэв сарын тэмдэг анх ирснээс 3 ба түүнээс дээш жил мөчлөг тогтворжихгүй байгаа бол өсвөр үеийн, охидын эмчид үзүүлэх шаардлагатай.


Сэтгэцийн эрүүл мэндийн тухайд


Дээр дурдсанчлан өсвөр насанд бие махбодод маш олон өөрчлөлтүүд орж байгаагаас улбаалан их хэмжээний даавар ялгарч байдаг. Даавар тус бүр нь хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйл болоод бие бялдрын хөгжилд чухал ач холбогдол үзүүлнэ. Хүүхэд өөрөө энэ бүгдийн нарийн учир шалтгааныг мэддэггүй тул энэ үе нь тэдэнд ихээхэн хүндээр тусдаг. Тиймдээ ч өсвөр насныхан "өөрийгөө ч ойлгохгүй" байна гэж хэлэх нь олонтаа.


Эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд сэтгэцийн тулгамдсан асуудалтай болох эрсдэлийг бий болгож байдаг. Эцэг эхчүүд үүнийг хэрхэн таньж мэдэж болох вэ? Хүүхэд хамгийн их дуртай, сонирхож байсан зүйлдээ огт сонирхолгүй болох, эсвэл хэт их унтах, эсвэл огт унтаж чадахгүй байх, хэт их идэх, эсвэл огт хоол идэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрч эхэлнэ. Өөр нэг ноцтой шинж тэмдэг бол өөрийн хамгийн хайртай эд зүйлээ ямар нэгэн цаад санаа агуулж хүнд өгөх. Тодруулбал “Би тухайн үед яахаа мэдэхгүй учир чамд өгье” гэх мэтчилэн далд санаа, утга агуулах нь ноцтой шинжийн илрэл юм. Иймд, эдгээр шинж тэмдгүүд ажиглагдсан тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах шаардлагатай.


Өсвөр нас гэдэг өөрөө маш онцлог нас. Эдгээр онцлогийн нэг жишээг дурдахад, хүүхэд бага насандаа илүү их гэр бүлтэйгээ байхад тааламжтай байдаг бол өсвөр насанд нийгмийн харилцааны эрэлт хэрэгцээ нь маш өндөр болдог. Ийм учраас үе тэнгийнхэн, найз нөхөд, хамт олны дунд байх хүсэл нь давамгайлдаг гэсэн үг. Үүнийг эцэг эхийн зүгээс ойлгож, тэрхүү хэрэгцээг нь нөхөх боломжийг бүрдүүлэх нь чухал юм.


Хорт зуршлын тухайд


Өсвөр насанд хүүхдийн тархины зарим хэсгийн хөгжил гүйцэд явагдаагүй байдаг тул зөв бурууг дэнслэхэд хүндрэлтэй тохиолдлууд олонтаа. Яг энэ насан дээрээ хүүхэд өөрийгөө сорих, эрсдэлт зан үйл рүү их тэмүүлдэг. Энэ нь өөрөө өсвөр насны хөгжлийн нэгэн үе шат болдог аж. Хорт зуршилд автах нь хүрээлэн буй орчин болох гэр бүл, ангийн хамт олон, найз нөхдөөс багагүй хэмжээнд хамааралтай юм. Хамгийн чухал хүчин зүйл бол гэр бүлийн харилцаа болоод орчин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг муу зуршилд автах эрсдэлээс хамгаалахын тулд нэн түрүүнд өөрийн үйлдлээр үлгэрлэх хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ битгий тамхи татаасай гэж хүсдэг бол хажууд нь тамхи татаж харагдаж хэрхэвч болохгүй.


"Хүүхдийн өсөх орчин согтууруулах ундаа болоод тамхи зэргээс ангид байх шаардлагатай!"


Үүний зэрэгцээ хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх нийгэм, сэтгэл зүйн эрсдэлт хүчин зүйлээс нэг л байхад зан авир улам тогтворгүй болох, хорт зуршилд өртөх эрсдэлийг өндөр болгодог. Иймд, хүүхдийн өсөлт хөгжлийн энэ онцгой үед эцэг, эх та онцгой анхаарах шаардлагатай юм.


Эрүүл мэндийн тухайд


Өсвөр нас бол бие махбодын хувьд хамгийн эрүүл үе юм. Гэвч нөгөөтээгүүр биеийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаатай холбоотой зовуурууд ихээр ажиглагддаг. Тухайлбал, өсвөр насныхан толгой, гэдэс, цээж өвдөх зэрэг зовуурууд түлхүү хэлдэг. Энэ нь бие махбодод гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр хүүхдэд илрэх магадлалтай тул ямарваа нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд та хүүхдэдээ амрах боломжыг олгоорой. Мөн өсвөр үеийн эрүүл мэндийн чухал асуудлуудын нэг бол бол урьдчилан сэргийлэлт. Цаашдын амьдралд эрүүл мэндэд үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй эмнэлгийн үйлчилгээ тогтмол авч хэвших явдал юм. Иймд, шаардлагатай үзлэг оношилгоог хойш тавилгүй цаг тухай бүрд хамрагдахыг зөвлөж байна.


Бид өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээний талаарх нийтлэлдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн. Уншихыг хүсвэл энд дарна уу.


Бэлгийн харьцааны тухайд


Олон улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнгээр хүүхэд болон эцэг эх хооронд бэлгийн харьцааны талаар хэр зэрэг нээлттэй ярилцаж чадаж байгаагаас хамаарч төдий чинээ энэ хугацаа хойшилдог болохыг баталсан байдаг. Үүний зэрэгцээ энэ сэдвээр нээлттэй ярилцах нь хүүхдийг аюулгүй сонголт хийхэд тус дэмтэй байдаг аж. Иймд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ насанд тохирсон мэдээллийг өгч байх нь чухал. Өсвөр нас эхлэх үед хүүхдийн бие махбод, эд эрхтэнд гарах өөрчлөлтүүдийг тайлбарлаж, тэдгээрийн үүргийн талаар ярилцаж болох юм. Эцэг эхчүүдийн гаргадаг нэг том алдаа бол хүүхдийг нас нь болоогүй гэж боддогт байдаг. Яг хэрэгцээтэй насандаа эцэг эхээсээ мэдээлэл авч чадаагүй хүүхэд тухайн мэдлэгийг найз нөхөд, цахим орчин гэх мэт баталгаагүй эх сурвалжаас авах магадлал өндөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.


ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насны хүүхдээ хэрхэн дэмжих вэ?


Өсвөр насны хүүхдийг дэмжих хамгийн чухал арга бол нээлттэй ярилцах байдаг. Хүүхэдтэйгээ харилцахдаа шүүмжилсэн өнгө аясаар харьцахаас зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн аливааг хүчээр шийдэж огт болохгүй юм. Хүүхдийн санал бодлыг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргахад нь тусалж, “чи хүүхэд” гэсэн хандлага гаргахаас зайлсхийж чадвал хүүхэд ба эцэг эхийн хооронд итгэлтэй, халуун дулаан, нээлттэй харилцаа бий болно. Иймд та өдөр бүр бага ч гэсэн чанартай цагийг хүүхэдтэйгээ ярилцах, асуудлыг нь сонсох, хамтдаа шийдэл эрэлхийлэхэд зарцуулаарай.





bottom of page