top of page
Mandal Risk school

Таны хүүхэд сургуульд ороход бэлэн үү?

Updated: Aug 11, 2022

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө гуравхан долоо хоног үлджээ. Саяхан цэцэрлэгт байсан жаахан амьтан нэг л мэдэхэд сургуулийн сурагч болох насанд хүрчээ. Хэдий 6 настай болж сургуульд орох болсон ч сургуульд орох нь хүүхдийн сэтгэл зүй болон нийгмийн харилцааны хувьд маш том алхам байдаг. Харин таны хүүхэд сэтгэлзүй болон нийгмийн харилцааны хувьд сургуульд ороход бэлэн үү?




Сургуульд ороход бэлэн байх гэхээр ихэнх эцэг эхчүүд сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж, математикийн суурь мэдлэгтэй болсон байхыг хэлдэг гэж боддог. Гэхдээ энэ ердөөсөө ч тийм биш юм.

Сургуульд ороход бэлэн болсон байх гэдэг нь хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, бие бялдрын хөгжил, харилцааны ур чадвар, танин мэдэхүйн чадварыг бүхэлд нь хөгжүүлэхийг хэлнэ.


Учир нь таны хүүхэд сургуульд ороход уншиж, бичиж чаддаг байхаас илүүтэй бусад хүүхдүүдтэй харилцах, багшийн зааварчилгаа, шаардлагыг биелүүлэх зэрэг энгийн чадвараа хөгжүүлээгүй бол сургуульд ороод хангалттай хөгжиж чадахгүй.


Гадны судалгаанаас харахад нийгмийн харилцааны хувьд хөгжсөн хүүхэд сургуульд ороод илүү сайн суралцдаг бөгөөд цаашид амжилтанд хүрэх магадлал тэр хэмжээгээрээ бусдаасаа илүү байдаг байна.


Гэхдээ тэглээ гээд таны хүүхэд аль нэг талаараа сул дорой юм шиг санагдвал санаа зовох хэрэггүй. Насанд хүрэгчидтэй л адил хүүхэд бүр харилцан адилгүй хоорондоо ялгаатай байдаг.

Тиймээс санаа зовох зүйлгүй үлдсэн долоо хоногуудад хүүхдийнхээ сул талуудыг илүү сайжруулах тал дээр ажиллахад л болно.


Сургуульд ороход таны хүүхэд хэрэг болох чадварууд :


1. Бие даасан байдал

Бие даасан байдал гэдэг нь хүүхэд өөрөө хувцаслах, бие засах, найз нөхөдтэй болох зэрэг жижиг асуудлуудыг бие даан шийдвэрлэж сурахыг хэлнэ. Эцэг эх та ч гэсэн ч хүүхдийнхээ гаргаж буй зүтгэлийнх нь төлөө урамшуулж магтаж байгаарай. Ингэснээр тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж дахин нэг удаа давтах урам зоригийг өгөх болно.

2. Алдаагаа хүлээн зөвшөөрөх

Энэ нь аливаа асуудалд бууж өгмөөр санагдсан үед эргэн сэргэх, ямар нэг сорилт, алдааг хүлээн зөвшөөрч сурах чадвар юм. Өөрөөр хэлбэл өөртөө итгэх итгэл, өөрийгөө хянах чадвар буюу бүх зүйл үргэлж санаснаар болдоггүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.

Бүтэлгүйтэл, урам хугаралт нь хүн бүрт тохиолдож болох амьдралын нэг хэсэг бөгөөд хэн ч алдаа гаргаж болно гол нь түүнээсээ хэрхэн суралцах вэ? гэдгийг хүүхдэдээ ойлгуулах нь чухал. Тиймээс хэрвээ хүүхэд тань ямар нэг зүйл дээр урам хугарсан харагдвал тэдний юу мэдэрч байгаа талаар ярилцаж, ийм мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл гэдгийг ойлгуулж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд юу хийж болох талаар ярилцаарай.

3. Сониуч зан

Хүүхдүүд угаасаа л сониуч төрдөг. Тэд үргэлж эргэн тойрныхоо хорвоо ертөнцийг ойлгохын тулд бүх зүйлийг сонирхдог.

Хүүхдүүдийн эцэс төгсгөлгүй мэт санагдах “ЯАГААД” гэх асуултыг та мэдэж байгаа байх хариулах их амархан. “Учир нь ..... тийм!” гэсэн хариулт байхад л болно.

Та аль болох хүүхдийнхээ асуусан асуултанд насны онцлогт нь тохируулан хариулж, МЭДЭХГҮЙ гэж хэлэхээс битгий айгаарай! Харин ч хамтдаа GOOGLE ээс хайх эсвэл мэддэг хүнээс нь асууж заавал хариултыг нь хүүхэддээ олж өгч байгаарай. Энэ нь хүүхдийн тань өөртөө итгэлтэй болгох төдийгүй томчууд ч мөн адил суралцаж байгаа гэдгийг ойлгоход туслах болно.

4. Харилцааны чадвар

Хүүхэд найз нөхөдтэй болох, мэдрэмж, хэрэгцээгээ илэрхийлэх, мөн шаардлагатай үед багшаасаа тусламж хүсэж чаддаг байх боломжийг олгодог учраас харилцааны ур чадвар маш чухал.

Та хүүхдээ ах эгч, найз нөхдөдөө өөрийгөө хэрхэн илэрхийлж байгааг нь ажиглаж асуудалтай зүйл байгаа бол ярилцаж байгаарай. Харилцааны ур чадварыг сайжруулахын хамгийн энгийн арга тэдэнтэй ярилцах л байдаг.

Мөн хүүхдээ найзуудтайгаа цагийг өнгөрөөх тоглох, томчуудтай харилцахад нь урамшуулан дэмжиж байгаарай.

5. Анхаарал төвлөрөлт

Нэг удаад 10-15 минут анхаарлаа төвлөрүүлж сурах нь сургуульд ороход маш хэрэгтэй байдаг. Мэдээж бага насны хүүхдийг томоотой суулгах хэцүү.Тиймээс хамтдаа ном унших, легогоор байшин барих, зураг зурах зэрэг аль болох удаан хугацаанд төвлөрч суух хөгжилтэй аргуудыг ашиглаарай.


Эдгээр зан чанарууд таны хүүхдэд байгаа бол баяр хүргэе таны бяцхан үр нэгэнт сургуульд орох төлөвшилтэй болжээ.

Хараахан төлөвшөөгүй бол санаа зовох хэрэггүй хүүхэд бүр өөр шүү дээ. Хүүхэд юмыг хурдан сурдаг учраас хэсэг хугацаанд хамт байж багахан цаг зарцуулахад л болно.


Ажил ихтэй учраас хангалттай цаг хүүхдэдээ зарцуулж чадахгүй байвал хүүхдээ бие дааж эрсдэлийг таньж сурахад нь тусалж "Хүүхдийн Эрсдэлийн Сургууль" -н эрсдэлийн онлайн хичээлүүдэд хамруулаарай :)







1,547 views
bottom of page